СУРВАЛЖИЛГА: Богд хааны “Хайстай лаврин” ордонтой залгуулан барилга барих "А" зөвшөөрлийг хууль бусаар олгосон этгээдийг олохоор ажиллаж байна

СУРВАЛЖИЛГА: Богд хааны “Хайстай лаврин” ордонтой залгуулан барилга барих "А" зөвшөөрлийг хууль бусаар олгосон этгээдийг олохоор ажиллаж байна

Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд хааны “Хайстай лаврин” ордонтой хаяа залгуулан О.Баасандорж гэх иргэн 700м.кв талбайд “Авто засвар”-ын газар барихаар суурь ухаж буй асуудлыг бид сурвалжилж байсан билээ. Тэгвэл тус газарт иргэн 200 м.кв хүртэлх талбайд хувийн орон сууц барихаар барилгын суурийг цутгаж эхэлжээ. Уг асуудлыг бид дахин сурвалжиллаа.

ВИДЕО:

Асуудлыг эргэн сануулбал, 2023 оны арван хоёрдугаар сарын 13-нд иргэн Оросоогийн Баасандоржид Богд хааны “Хайстай лаврин” ордонтой хаяа залган 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлөх зөвшөөрөл олгосон байдаг. Гэтэл тус иргэн гэр бүлийн хэрэгцээндээ зориулан авсан тус газрыг хууль бусаар ашиглаж, нийт талбайд авто засварын төв барихаар барилгын суурь ухаж, эхэлсэн. Үүнийг ойр орчмын оршин суугчид эсэргүүцэж, хууль сануулан холбогдох бүх шатанд хандаж, О.Баасандорж гэх иргэнтэй уулзаж, хүсэлт тавьсан байдаг. Тэгвэл иргэн хууль бус үйлдлээ аргаа өөрчлөн үргэлжлүүлсээр байна. Тодруулбал, Иргэн О.Баасандорж гэх иргэн биднийг өнгөрсөн долоодугаар 1-нд уг асуудлыг сурвалжилж байх үед нийт өмчлөлийн 700м.кв талбайд барилгын суурь ухалтын ажлыг хийж байсан. Ингэхдээ өөрийн өмчлөлийн талбайгаас хальж, зэргэлдээ орон сууцны эдэлбэр газар руу ухаж эхэлснийг ч оршин суугчид баталж байсан юм.

Тэгвэл өнөөдөр /2025.07.29/ нийт талбайн 200 м.кв талбайд орон сууц барихаар суурь цутгалт хийж эхэлсэн байна. Иргэн өөрийн худалдаж авсан эдэлбэр бүхий газартаа барилга барих нь гол асуудал биш юм. Харин түүхийн үнэт өв, нийслэлийн тусгай хамгаалалтад байдаг газарт барилга барих зөвшөөрлийг хэн олгосон бэ гэдэг нь гол асуудал юм.

ХЭН "А" ДААЛГАВАР ОЛГОСОН БЭ ГЭДГИЙГ БИД ШАЛГАЖ БАЙНА

Нийслэлийн хяналт, шалгалтын газрын барилгын стандарт аюулгүй байдлын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын улсын байцаагч Т.Ойдовдорж “Энэ газарт амины орон сууцны “А” даалгавар олгогдсон байдаг. Өмнө нь барилгын суурь ухалтаа 500 м.кв хүртэлх талбайд том ухаад байсан. Иймд манай байгууллага ирж зогсоосон. Харин одоо бол “А” даалгаврынхаа дагуу 200 м.кв хүртэлх барилгажих талбайд амины орон сууцны зориулалттай барилга угсралтын ажил явагдаж байна гэх тайлбарыг өгч байгаа. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт загвар зураггүй гэх шалтгаанаар торгуулийн арга хэмжээ тавигдсан. Энэ барилга барьж байгаа газарт дулааны шугам сүлжээ дайруулсан болон Богд хааны ордонтой ойролцоо “А” даалгавар хэн олгосон эсэх талаар хяналт шалгалт үргэлжилж байгаа болохоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэн "А" даалгавар олгосон бэ гэдгийг бид шалгаж байна" гэв.

Богд хааны ордон музей бол баялаг сан хөмрөгтэй, түүхэн дурсгалт өв. Улмаар 2001 онд Засгийн газрын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байдаг. Нийтдээ “Өвлийн ордон”, "Ёслол хүндэтгэлийн танхим”, “Зуны ордон” зэрэг 20 орчим байгууламжаас бүрддэг. Тэгвэл тус түүхэн өвийг хадгалж, хамгаалах тал дээр “Богд хааны ордон”-ы захиргаа ямар арга хэмжээ авч байгааг бид өмнө нь тодруулж байсан билээ. Тухайн үед холбогдох байгууллага манай байгууллагат ямар нэгэн мэдээлэл ирээгүй буюу мэдэхгүй гэсэн тайлбарыг өгч байсан бол энэ удаа дараах тайлбарыг өглөө.

НИЙСЛЭЛ ЭНЭ ГАЗРЫГ ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ

Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Энэ газар анх 2009 онд "Авзага трейд" ХХК-ийн эзэмшил байсан. Харин 2012 онд энэ газрыг өмчлөх эрхээр иргэнд өгчихсөн байсан. Өнгөрсөн цаг хугацаанд энэ газрын эзэмшлийг цуцалж, бидэнд өгөөч гэж Нийслэлийн засаг дарга болон нийслэлийн газрын албанд олон удаа хандсан. Улаанбаатар хотод булан тохой ч үлдээлгүй барилга барьдаг шүү дээ. Тэрний тод нэгэн жишээ болж байна.

Манай музей улсын хамгаалалтад байдаг бол энэ газар нийслэлийн хамгаалалтад байдаг. Нийслэл энэ газрыг хамгаалах үүрэгтэй. Газар нь хэдийгээр манай газар руу ороогүй боловч Соёлын тухай хууль болон Соёлын өвийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл, дурсгалт барилгыг сүр барааг халхлах зорилгоор барилга байгууламж барихыг хориглодог. Энэ бол нэг жишээ шүү дээ. Уг нь хуульдаа тодорхой метрүүд байгаа.

2022 онд “Үнэгүй.мн” сайтад өмчлөлийн газар зарна гэх зар мэдээллийг хараад энэ газар өмчлөлийн газар юм байна гэдгийг анх олж мэдсэн. Тэгээд дахин нийслэлийн засаг дарга болон нийслэлийн газрын албанд хандсан. Хэрэв энэ газрыг бидэнд шилжүүлж өгвөл бид цэцэрлэгжүүлэх хүсэлтэй байсан юм. Олон эздийг дамжиж зарагдаж явсаар энэ удаагийн эзэн нь орон сууц барихаар болсон байна. Бидний сүүлчийн хаанаас үлдсэн хамгаалах юм тун цөөхөн шүү дээ. Энэ хэдийгээ хамгаалчхаж болдоггүй юм байх гэсэн сэтгэлээр иргэдтэй хамтарч ажиллаж байна. Ер нь тэгээд өмчлөлийн газартаа хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй л юм билээ дээ” гэлээ.

Дэлхийн улс орнууд түүхийн дурсгалт барилга байгууламжаа арчилж, тордож, үзвэр үйлчилгээний нэгэн төрөл болгож улсынхаа орлогод нэмэрлэдэг. Энэ бол зөвхөн орлого, мөнгөөр хязгаарлагдах асуудал биш. Түүхэн барилга байгууламж бол тухайн хотын түүх, соёлын санах ой билээ. Гэтэл манай улс түүхийн өвд бүртгэлтэй барилга байгууламжаа нураасаар ирсэн нь нууц биш.  Үүний нэгэн тод жишээ, залгамж халаа нь “Богд хааны Хайстайн лаврин” болж байна.