БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёол, тэргүүн хатагтай асан Ким Кеон Хи нарыг сэжигтнээр тооцож, байцаалт авахаар дууджээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёол, тэргүүн хатагтай асан Ким Кеон Хи нарыг сэжигтнээр тооцож, байцаалт авахаар дууджээ

БНСУ-ын тусгай зөвлөхийн баг өчигдөр /2025.07.21/ Ерөнхийлөгч асан Юн Сук Ёол болон түүний гэргий, тэргүүн хатагтай асан Ким Кеон Хи нарыг сонгуульд хөндлөнгөөс оролцсон болон бусад хууль бус үйлдэлд сэжиглэн, албан ёсоор байцаалт авахаар дуудсан байна.

Тодруулбал, Тусгай зөвлөх Мин Жун Гигийн удирдсан баг Сөүлийн цагдан хорих төвд хоригдож буй Юн Сук Ёолд энэ сарын 29 /2025.07.29/-ний өглөө 10:00 цагт сэжигтнээр байцаах тухай зарлан дуудах хуудас хүргүүлжээ. Энэ талаар тусгай прокурорын багийн туслах Мүн Хон Жү хэвлэлд мэдээлсэн байна.

Харин тэргүүн хатагтай асан Ким Кеон Хи-д 8 дугаар сарын 6-ны 10:00 цагт байцаалт өгөхөөр ирэхийг шаардсан дуудах бичгийг гэрийн хаягаар нь хүргүүлсэн аж.

Ким Кеон Хигийг хоёр компанийн хувьцааны үнэтэй холбоотой будлиан, бөө хүнээс тансаг эд зүйлс хүлээн авсан хэрэг, мөн сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцад хууль бусаар оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Үүнээс гадна, түүнийг Хөрөнгийн зах зээлийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн байна.

Ерөнхийлөгч асан Юн Сук Ёолыг ч мөн сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон, Төрийн албаны сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж тусгай прокурорууд буруутгаж байгаа юм. Ким Кеон Хигийг өмгөөлөгчид хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэлдээ “Бид албан ёсны мэдэгдэлд хариу өгөөгүй байгаа ч Ким Кеон Хи хатагтай үнэнч, нээлттэй байцаалтад оролцох байр суурин дээрээ хэвээр байна” гэжээ.

Харин Юн Сук Ёол “энэ бол үнэнтэй нүүр тулах тэмцэл” хэмээн онцолж, “шүүх эцэст нь миний шийдвэр зөв байсан уу, хууль зүй ёсны шийдэл байсан уу гэдгийг дүгнэнэ” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр өөрийнх нь тушаалыг биелүүлсэн төрийн албан хаагчдад тусгай зөвлөхийн баг “шударга бус дарамт” үзүүлж байгааг эсэргүүцсэн байна. 

Эх сурвалж: Yonhap