АНУ-ын Сенат ирэх долдугаар сарын 7 /2025.07.07/-ноос эхлэн Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болох талаар Конгрессын гишүүн Линдси Грэм ABC телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Сенатын зуны богино завсарлага дуусахтай зэрэгцэн хэлэлцэгдэх уг хуулийн төсөл нь ОХУ-ын эсрэг өргөн хүрээтэй эдийн засгийн хориг тавихыг зорьж байгаа аж. Л.Грэмийн хэлснээр, энэ хориг зөвхөн Орос төдийгүй, түүний бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа бусад орнуудад ч хамааралтай болох аж.
Тэрээр, “Хэрэв та Оросоос бараа бүтээгдэхүүн авч Украинд туслахгүй бол АНУ таны экспортод 500 хувийн татвар ногдуулна” хэмээн тодотгожээ.
Тэрбээр Энэтхэг, Хятад зэрэг улс орнууд Оросын нефтийн 70 гаруй хувийг худалдан авч байгаа тул эдгээр оронд ч өндөр татвар ногдуулах тухай Ерөнхийлөгчийн зүгээс хэлэлцэж байгааг онцолсон байна. Сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Л.Грэмтэй гольф тоглох үеэрээ уг хуулийн төслийг “урагшлуулах цаг нь болсон” хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Д.Трамп өмнө нь “В.Путины хийж буй үйлдэлд сэтгэл хангалуун бус” байгаагаа илэрхийлж, Оросын эсрэг хоригийг улам чангатгах талаар бодож буйгаа ил тод хэлсэн юм.
Эх сурвалж: BBC