Украин улсыг Европын Холбоонд элсэх үйл явцад тодорхой улс төрийн дэмжлэг үзүүлэхийг тус улсын Ерөнхийлөгч В.Зеленский тус холбооны удирдагчдаас уриалжээ.
Тэрээр, “Одоо хэрэгтэй байгаа зүйл бол Украин Европын замналаа үргэлжлүүлж байгаа, мөн Европын холбооны өмнө өгсөн амлалтууд хүчинтэй хэвээр гэдгийг харуулсан тодорхой улс төрийгн дохио юм" гэж Ройтерс агентлагт мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, В.Зеленский Европын холбооны удирдагчдаас Украинд Европын холбоонд элсэх зам нээлттэй, амлалт хүчин төгөлдөр хэвээр гэдгийг тодорхой хэлж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Түүний энэхүү уриалга нь Европын зөвлөлийн пүрэв гараг /2025.06.26/-т болох хурлын өмнө нийтлэгдсэн бөгөөд уг байгууллага нь Европын холбооны 27 гишүүн орны засгийн газрыг төлөөлдөг гол бодлого тодорхойлогч юм.
Гэвч Украины Европын холбоонд элсэх үйл явцыг бүх гишүүн орон дэмжих шаардлагатай тул Унгарын Ерөнхий сайд В.Орбанын эсэргүүцэл нэгдсэн байр суурийг бүрдүүлэхэд саад болж байгаа аж. Учир нь В.Орбан Украиныг Европын холбоонд элсэхийн эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл Европын зөвлөлийн хурлын эцсийн мэдэгдлийн төсөлд “Европын холбоо Украиныг холбоонд элсэх замыг тууштай дэмжиж байна” гэсэн заалт орсон ч уг баримтыг зөвхөн 27 улсын 26 нь дэмжжээ. Унгар л энэ удаад дэмжихээс татгалзсан байна. Украины Европын холбоонд элсэх хүсэл эрмэлзэл нь тус улсын геополитикийн ирээдүйд чухал нөлөөтэй асуудал хэвээр байна.
Эх сурвалж: BBC