АНУ Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн ч тус улсын хөтөлбөрийг бүрэн устгаж чадаагүй, зөвхөн хэдхэн сараар хойшлуулсан гэх тагнуулын мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан Цагаан ордон эрс үгүйсгэж мэдэгдэл хийжээ.
Тодруулбал, CBS сувгийн мэдээлснээр, "тагнуулын байгууллагын урьдчилсан үнэлгээ нь Ираны цөмийн байгууламжууд, ялангуяа Фордогийн уран баяжуулах төв нь АНУ-ын цохилтоос ихээхэн хамгаалагдсан хэвээр байгааг харуулж байна. Уг байгууламжийн орц гэмтсэн ч газар доорх дэд бүтэц үндсэндээ бүрэн бүтэн үлдсэн" хэмээн мэдээлжээ.
Гэвч Цагаан ордон энэ мэдээллийг эрс няцааж, тухайн үнэлгээг “худал” бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын нэр хүндийг унагах зорилготой гэж үзжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт мэдэгдэлдээ, “Энэхүү үнэлгээ нь "маш нууц" ангилалд багтах ёстой байсан боловч тагнуулын байгууллагын нэргүй, доод түвшний албан тушаалтны бүтэлгүйтлээс болж хэвлэлд цацагдсан. Энэ нь Ерөнхийлөгч Д.Трамп болон Ираны цөмийн хөтөлбөрийг устгах оновчтой ажиллагаа явуулсан нисгэгчдийг гутаах оролдлого юм” хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: BBC