Дэлхийн аялал жуулчлалын хамгийн алдартай хотуудын нэг болох Венецид олон нийтийн анхаарлыг татсан эсэргүүцлийн үйлдэл болжээ. Тодруулбал, хотын төв болох Гэгээн Маркийн талбайд “Хэрвээ та хурим хийхээр Венецийг түрээсэлж чадвал, илүү их татвар төлж болно” гэсэн том хэмжээтэй баннер өлгөгдсөн байна.
Энэхүү эсэргүүцэл нь Амазон компанийг үндэслэгч тэрбумтан Жефф Безосын хуримын арга хэмжээг эсэргүүцсэн орон нутгийн идэвхтнүүдийн үйлдэл бөгөөд энэ төрлийн эсэргүүцэл анх удаа болж буй хэрэг биш аж.
Тэд дэлхийн баячууд Венец шиг түүхэн, эмзэг хотуудыг “хувийн эзэмшил шиг” ашиглаж байгааг ийнхүү шүүмжилдэг байна.
Жефф Безосын хуримыг Венец хотноо тансаг орчинд, өндөр хамгаалалт дор зохион байгуулахаар төлөвлөсөн нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулаад байгаа юм. Хотын иргэдийн хувьд жуулчдын урсгал, их мөнгөний нөлөөгөөр амьдралын өртөг нэмэгдэж, орон сууцны хүртээмж буурч байгааг олон жилийн турш эсэргүүцсээр ирсэн. Иймд идэвхтнүүдийн зүгээс энэ удаад уран нарийн уран сайхны хэв маягтай, чимэглэсэн баннер ашигласнаараа олны анхаарал татаж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд дамжуулаад байна.
Эх сурвалж: BBC