ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин барууны сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр Иран улс Оросоос ямар нэгэн цэргийн тусламж гуйгаагүй бөгөөд хоёр улсын хооронд саяхан байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд ийм тусламжийн заалт байхгүй хэмээн мэдэгджээ.
Тэрээр, "Ирантай бид хамтын ажиллагаа өргөжүүлж буй ч тэд одоогийн мөргөлдөөнтэй холбоотойгоор манайхаас ямар нэгэн цэргийн дэмжлэг хүсээгүй” гэдгийг онцолжээ. Тодруулбал, Орос, Ираны хооронд 2025 оны нэгдүгээр сард байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ нь худалдаа, эрчим хүч, тээвэр ложистик болон энхийн цөмийн хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлэх зорилготой бөгөөд батлан хамгаалах чиглэлд гүнзгий үүрэг хүлээсэн заалт тусгагдаагүй байна.
Энэ талаар В.Путин, “Манай гэрээнд нөхөрсөг харилцаа, олон салбарт хамтын ажиллагаа туссан. Гэвч цэргийн тусламж үзүүлэх тухай заалт огт байхгүй” гэжээ.
Израиль, Ираны мөргөлдөөний хурцдаж буй энэ үед олон улсын шинжээчид Иран Оросоос дэмжлэг хүсч магадгүй гэж таамаглаж байсан ч Москва ийм хүсэлт хүлээн аваагүйг В.Путины мэдэгдэл баталсан байна. Түүнчлэн Ираны захиалгаар Орос улс Bushehr цөмийн цахилгаан станцын төслийн хүрээнд инженер, техникчдийг илгээсэн ч энэ нь цэвэр иргэний зорилго агуулсан ажиллагаа болохыг онцолжээ.
Эх сурвалж: BBC