БАРИМТ: "Цээлийн" голын хамгаалалтын бүсэд давхцалтай гэх алтны ордыг БОЯ-ны газрын дарга Ц.Уранчимэг "давхцалгүй" хэмээн тодорхойлсныг үндэслэн, зөвшөөрөл олгожээ

БАРИМТ: "Цээлийн" голын хамгаалалтын бүсэд давхцалтай гэх алтны ордыг БОЯ-ны газрын дарга Ц.Уранчимэг "давхцалгүй" хэмээн тодорхойлсныг үндэслэн, зөвшөөрөл олгожээ

"Урт нэр"-тэй хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон. Гэтэл эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл өгч, хууль зөрчих явдал цөөнгүй гардаг. 

Тэгвэл үүний нэг жишээ байж болзошгүй баримтыг бид энэ удаад дэлгэж байна. Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын "Цагаан Гозгор" гэх  газарт байрлах XV-014488 тоот дугаартай “Монгол Экспресс Эм Эн” ХХК-ийн 1558 га хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь "Цээлийн" голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд ордог аж.

Үүнийг ч Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас 2024 оны наймдугаар сарын 20-ний өдөр тодотгон, тус зөвшөөрлийг эзэмшигч “Монгол Экспресс Эм Эн” ХХК-д мэдэгдэж байжээ. 

Гэтэл үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 2024 оны есдүгээр сарын 05-ны өдөр Байгаль орчны яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг нь 04/4157 тоот албан бичгээр дээрх алтны шороон ордын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан "Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг", Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын "Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг", Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай тус тус давхцалгүй байна" хэмээн тодорхойлсон байх аж. 

-ШОРООН ОРДЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ КОМПАНИ СУМЫН ТӨВД СПОРТЫН ЦОГЦОЛБОР БАРЬЖ ӨГНӨ ГЭЖ АМЛАЖЭЭ-

Улмаар энэ дагуу “Монгол Экспресс Эм Эн” ХХК хайгуулын үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Ингэхдээ тэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд "Спортын цогцолбор барьж өгнө", "Сумын төвийн хогийн цэгт камер суурилуулна" гэхчлэнгийн амлалт өгч, хариуцлагатай уул уурхай явуулахаа мэдэгдэж байжээ.

Гэсэн ч өнгөрсөн жил "Спортын цогцолбор"-ынхоо шавыг тавиад ажил нь зогссон байна. Энэ талаар нутгийн иргэд “Нутгийг минь сэндийчиж байгаад маш их харамсалтай байна. Иргэдийн дийлэнх эсэргүүцэж байгаа. Олборлолт явуулснаар гол ус бохирдож зарим үзэсгэлэнт газар нөхөн сэргээдэхээргүй болсон. Малын бэлчээр бас багасаж байна. Нөхөн сэргээлт хийнэ гэдэг худал үгэнд нь итгэж болохгүй. Эрх мэдлээ ашиглаж бусад давуу байдал бий болгож, ханцуй дотроо наймаалцаж байгаад харамсаж байна. Энэ асуудал яригдаж байх үед /2023.05.05/ зарим иргэд, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцсон. Тэд нийт иргэдийг төлөөлж чадахгүй. Тэр хурлаар иргэд нөхөн сэргээлт хийж, орон нутагт дорвитой ажил хийвэл дэмжинэ гэж хэлсэн гэсэн. Олонхын саналаар спорт заал барихаар болсон. Гэвч өнгөрсөн намар шав тавьсан боловч одоогоор ажил урагшлаагүй байна” гэдгийг тодотгосон юм. 

Харин Орхон-Чулуут голын сав газрын захиргааны Цээлийн голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд давхцалтай байна гэсэн шороон алтны ордыг Байгаль орчны яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг яагаад "давхцалгүй" хэмээн тодорхойлов гэдэг нь энд анхаарал татаж буй юм. 

"Цагаан Гозгор"-ын орд нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ундны усны гол эх үүсвэр болсон Цээлийн голын ойролцоо байрладаг аж. Тиймээс ч тухайн газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг нутгийн иргэдийн эсэргүүцдэг байна. 

-"МОНГОЛ ЭКСПРЕСС ЭМ ЭН" ХХК-ИЙН ХАЙГУУЛЫН ТӨСЛИЙГ "ЭРСДЭЛ"-ТЭЙ ГЭЖ ДҮГНЭСЭН ҮҮ-

Тэгвэл байгаль орчны үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Би гуру консалтинг” ХХК 2024 онд “Монгол Экспресс Эм Эн” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын нутагт байрлах алтны шороон ордыг ил аргаар ашиглах төслийн байгаль орчны төлөв байдлын суурь судалгааг хийж байжээ.

Ингэхдээ "Тусгай хамгаалалттай газар нутагт өөрчлөгдөх шууд нөлөөлөл байна" гэж тодорхойлсон байх аж.

Мөн байгалийн үзэсгэлэнт өнгө төрх болон ландшафтын хэлбэр төрх өөрчлөгдөх зэрэгт шууд нөлөөтэй" гэж дүгнэжээ. Үүгээр зогсохгүй урт хугацаандаа гүний ус, хөрс, ургамал, ой, амьтдын орон зайн өөрчлөлт, байгалийн нөөц ашиглалт, тусгай хамгаалалттай газар нутагт ч сөргөөр нөлөөлнө” гэж тодорхойлсон байна. 

Өөрөөр хэлбэл, Цээлийн" голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд давхацсан, "эрсдэлтэй" гэж дүгнэгдсэн байж магадгүй алтны шороон ордыг Байгаль орчны яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэгийн "Давхцалгүй" гэх албан бичгийг үндэслэн зөвшөөрөл олгожээ. Тиймээс уг асуудлыг холбогдох албаныхан анхааралдаа авч, асуудлыг үнэн бодитоор авч шийдвэрлээсэй гэдэг үүднээс энэхүү баримт мэдээллийг бэлтгэлээ.  

Б.МӨНХСАЙХАН




ITP форум-2025 болж байна

38 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө