УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран энэ сарын 8-нд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.7-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн. Ийнхүү өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргын өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхийг дэмжлээ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны даргыг шинээр томилох хүртэл хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очирт даалгалаа.