Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдаан боллоо. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэж, тогтоол баталсан. Үүнээс онцолбол,
Баянзүрх дүүргийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт дүгнэх тухай танилцуулгыг Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Балжинням танилцууллаа. Газар зохион байгуулалтын алба 2025 онд нийт 99 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн нь 91,9 хувийн биелэлттэй байгааг хэллээ. Газрын зөрчил арилгах чиглэлээр 26 байршилд 180 газар чөлөөлөлт, хайс хашлага буулгах чиглэлээр 93 байршилд 7100 м хашаа чөлөөлсөн бол төв зам дагуу байрлуулсан 570 ТҮЦ-ийг нүүлгэж, 52 байршилд 2700 м мухар гудамж, 28 байршилд хаалт, орц гарч хааж хашаалсныг чөлөөлжээ.
Баянзүрх дүүргийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай асуудлыг мөн хэлэлцэж, баталлаа. 2026 онд Газар зохион байгуулалтын албанаас нийт 106 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2026 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх эрхтэй нэгжүүдээс илүүлсэн саналуудыг нэгтгэн иргэн, хуулийн этгээдэд 73.98 га газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэхээр төлөвлөжээ.
Баянзүрх дүүргийн 2026 оны төсөв батлах тухай асуудлыг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн дарга Н.Энхмэнд танилцууллаа. Орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдийн ирүүлсэн саналд үндэслэн төлөвлөх шаардлагатай байдаг. Үүний дагуу 43 хорооны 6509 иргэнээс 160,313 санал ирүүлснийг нэгтгэн төсөвт тусгажээ. Үүний 30 хувь нь дэд бүтэц, авто замын ажлууд бол 28 хувь нь их засварын ажлууд байна. Ногоон байгууламж, явган зам шинэчлэх, засах ажлуудад иргэд саналаа ирүүлжээ.
Дүүргийн 2026 оны төсвийн орлогыг 363,983.9 сая төгрөгөөр төлөвлөж 2025 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 4.0 хувиар бууруулж, төсвийн орлогын 97.5 хувийг татварын орлогоор, 1.2 хувийг татварын бус орлогоор, 1.3 хувийг тусламжийн орлогоор бүрдүүлэхээр тооцоолсон байна.