"Энто" ХХК-ийг иргэн А.Наранхүүд ажилласан хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж Дээд шүүх шийдвэрлэлээ

"Энто" ХХК-ийг иргэн А.Наранхүүд ажилласан хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж Дээд шүүх шийдвэрлэлээ

Иргэн А.Наранхүү нь 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр "Энто" ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, Логистикийн албаны даргын албан тушаалд ажиллаж, удирдлагын саналын дагуу 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрөөс нягтлан бодогч-эдийн засагчаар ажиллахаар болсон.

2024 оны 08-р сарын 09-с ээлжийн амралтаа авч байгааг удирдлагад мэйлээр мэдэгдэхэд агуулах нүүх учраас яаралтай хийх тооцооллуудаа гаргаад амар гэсэн учир 4 хоног амралтаа аваад үргэлжлүүлэн ажиллана гэдгээ мэдэгдсэн. Гэтэл 2024 оны 08-р сарын 16-ны өдөр Хүний нөөцийн албаны даргатай уулзахад нягтлан бодогч-эдийн засагчийн албан тушаалаас чөлөөлж байгаа, 4 хоног ажилдаа ирээгүй, ажлын байранд тэнцэхгүй байна, үлдсэн ажиллаа хийж дуусгаад, ажлаа хүлээлгэж өг гэсний дагуу дутуу ажлуудыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хийж ажилласан байхад ажлаас халсан тушаалыг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн огноотой гаргаж 10-р сарын 25-ны өдөр өгсөн, мөн 2024 оны 08 сарын13-с 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан цалинг өгөөгүй, туршилтын хугацаа дууссан үндэслэлээр ажлаас шууд халсан нь үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т зааснаар ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана, 83.4-т ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө танилцуулна гэх журмыг баримтлаагүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хуульд заасан журмыг зөрчсөн нэхэмжлэгч А.Наранхүүг ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх зохих байгууллагын дүгнэлт гараагүй ийм баримт хэрэгт авагдаагүй гэх агуулгатай дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх: Ажилтныг шинэ ажилд томилохдоо тухайн ажил мэргэжил, мэргэшил чадварын хувьд тэнцэх эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дуусгавар болгож ажил олгогч ажилтныг эргүүлэн ажиллуулах боломжгүй, хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх агуулгатай дүгнэлтийг хийж шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч А.Наранхүү нь "Энто" ХХК-д нягтлан бодогч эдийн-засгийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан, ажил олгогч 2024 оны 08 сарын 13-ны өдрөөр буюу туршилтын хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Тушаал нь 2024 оны 08-р сарын 13-р огноолсон боловч тушаалд ажилтныг ажил хүлээлгэж өгөх хугацааг заагаагүй, нэхэмжлэгч нь 2024 оны 09-р сарын 20 хүртэл ажиллаж, ажлаа хүлээлгэж өгсөн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж ажилласан хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.