Дэд сайд Б.Мөнхтамир СОР 17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

Дэд сайд Б.Мөнхтамир СОР 17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын төлөөллийг хүлээн авч уулзан COP17 бага хурлын бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон салбарын ажлын талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд Б.Мөнхтамир цөлжилтийн эсрэг СОР-17 олон улсын хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд хийгдэж буй бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хурлыг зохион байгуулах барилга байгууламжийн бүтээн босголт зэрэг ажлуудыг эрчимжүүлж, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллах салбар хоорондын уялдааг сайжруулах зэрэг асуудлуудаар холбогдох албаныхантай санал солилцлоо. Мөн байгаль орчны олон талт гэрээ, конвенцуудын хэрэгжилтэд Монгол Улсын оролцоо, үр дүнгийн талаар ерөнхий мэдээлэл авч, эдгээр санаачлагуудын санхүүжилт, хөрөнгө босголт болон гадаад түншүүдийн дэмжлэгийг баталгаажуулах асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг онцлов.

Түүнчлэн Үндэсний хорооны ажлын албаны 2025 оны төсвийн санхүүжилттэй холбоотойгоор үүсэж буй нөхцөл байдалтай танилцаж, энэ асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд тэрээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Ажлын албаны өргөтгөсөн уулзалтыг тогтмолжуулах, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг тодорхой эзэнжүүлж, хэрэгжилтийг цаг хугацаатай, нарийвчилсан төлөвлөлтийн дагуу зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.