АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп В.Путинтэй утсаар ярьсны дараа дайныг зогсоох хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ гэж мэдэгджээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп В.Путинтэй утсаар ярьсны дараа дайныг зогсоох хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ гэж мэдэгджээ

Орос, Украины дайныг зогсоох хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдсэн.

Тодруулбал, Д.Трамп “Truth Social” сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар хийсэн хэлэлцээ амжилттай болж өрнөсөн. Орос, Украин хоёр гал зогсоох, цаашлаад дайныг зогсоох тухай хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ” гэжээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хувьд, Д.Трамптай хийсэн хэлэлцээний талаар, "Энэ бол маш их утга учиртай, нээлттэй, хэрэгтэй хэлэлцээ байлаа” гэжээ. Түүний хэлснээр, Оросын тал дайныг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжиж байгаа аж. 

Түүнчлэн Д.Трамп В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын удирдагчидтай утсаар ярьсан гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб нартай ярьсан байна. Ватиканы зүгээс мөн Украин-Оросын яриа хэлэлцээг зохион байгуулах санал тавьсныг Д.Трамп дурджээ.