АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2025.05.15/ Катар улсад бизнесийн уулзалт хийх үеэрээ Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Куктэй уулзаж, тус компанийг iPhone гар утасны үйлдвэрээ Энэтхэгт өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаад нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Д.Трамп Apple компанийн захирал Тим Кукэд хандан, “Тим, чи миний найз. Би чамд их сайн ханддаг. Гэтэл чи Энэтхэгт хаа сайгүй үйлдвэр барьж байна. Би чамайг Энэтхэгт барилга байгууламж барихыг хүсэхгүй байна. Энэтхэг өөрсдийгөө авч явж чадна. Бид чамайг энд, АНУ-д үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг хүсэж байна” гэжээ.
Учир нь Apple компани сүүлийн жилүүдэд үйлдвэрээ Хятадаас Энэтхэг рүү шилжүүлж, 2026 он гэхэд АНУ-д борлуулагдах iPhone гар утасныхаа ихэнхийг Энэтхэгт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Харин Д.Трампын мэдэгдэлд хөрөнгө оруулагчид төдийлөн эмзэглээгүй бөгөөд Apple-ийн хувьцааны үнэ бага зэрэг хэлбэлзсэн ч, зах зээлд ноцтой нөлөө үзүүлээгүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-д iPhone үйлдвэрлэх нь өртөг өндөртэй бөгөөд нэгж төхөөрөмжийн үнэ 3500 ам.долларт хүрч болзошгүй тул богино хугацаанд хэрэгжих боломжгүй гэнэ. Иймд Apple компани АНУ-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амласан бөгөөд энэ нь ихэвчлэн хиймэл оюун ухаан, инженерчлэл, дата төвүүдэд чиглэж байгаа аж.
Эх сурвалж: The Wall Street Journal