Орос, Украины энхийн хэлэлцээ нэг хоногоор хойшилсон ч, үр дүнд хүрэх магадлал бага тул Д.Трамп, В.Путин нарыг оролцохыг уриалжээ

Орос, Украины энхийн хэлэлцээ нэг хоногоор хойшилсон ч, үр дүнд хүрэх магадлал бага тул Д.Трамп, В.Путин нарыг оролцохыг уриалжээ

Истанбул хотод болох Орос болон Украины төлөөлөгчдийн энхийн хэлэлцээрийн эхлэх хугацаа албан ёсоор хойшлогдсон талаар Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлсэн байна. Тодруулбал, өчигдөр /2025.05.15/ эхлэхээр төлөвлөж байсан Орос, Украины уулзалт өнөөдөр /2025.05.16/ болохоор болсон байна.

Хэлэлцээрийн шинэ товыг талуудын техникийн болон аюулгүй байдлын шалтгаанаар өөрчилсөн гэж Туркийн албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ. Харин энэхүү хэлэлцээрт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар хэлэлцээнд оролцохгүй бөгөөд Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган ч мөн биечлэн оролцохгүй гэдгийг эх сурвалжууд баталжээ. Энэ нь энхийн хэлэлцээний өндөр төвшний статуст нөлөөлж болзошгүй байгаа ажээ. 

Тэгвэл энхийн хэлэлцээнд Оросын талаас В.Путины зөвлөх В.Мединский, Батлан хамгаалахын орлогч сайд А.Фомин нар оролцох бол Украины талаас Гадаад хэргийн сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч нар оролцоно гэдгээ мэдээлжээ.

Хэдийгээр энэ удаагийн энхийн хэлэлцээр болох хугацаа нэг хоногоор хойшлогдсон ч, энэхүү уулзалт нь хоёр орны зөрчлийг намжаахад бодиттой өөрчлөлт үзүүлнэ гэдэг нь эргэлзээтэй гэж үзэх шинжээчид олон байгаа ажээ. 

Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио Орос, Украины энхийн хэлэлцээрт ахиц дэвшил гаргахын тулд Ерөнхийлөгч Д.Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын шууд уулзалт зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Тэрээр Туркт зохион байгуулагдаж буй энэхүү хэлэлцээрт өндөр түвшний оролцогчид байхгүй тул бодит үр дүнд хүрэх магадлал бага хэмээн үзсэн байна.

Энэ талаар М.Рубио хэлэхдээ, “Бидний бодлоор, энэ асуудлаар ахиц дэвшил гаргахын тулд Ерөнхийлөгч Д.Трамп болон ерөнхийлөгч В.Путин нар шууд уулзалт хийх шаардлагатай” гэж онцолжээ. Мөн тэрээр Д.Трампыг Ойрх Дорнодын айлчлалаа дуусгасны дараа В.Путинтай уулзах талаар шийдвэр гаргана гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC