Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн найз бүсгүйдээ авч өгсөн бэлэг цахим орчинд олны анхаарлыг татаж, иргэд ихээхэн бухимдаж буй. Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэнг орлогоо нотлохыг шаардан, Төв талбайд иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан зарим нэр бүхий олны танил, их сургуулийн багш нар иргэд, залуусыг жагсаалд нэгдэхийг уриалж, цахим сүлжээнд байр сууриа илэрхийлж буй нь олон иргэдийн анхаарлыг татаж, зарим иргэдийн шүүмж зэмлэлийг хүртсэн.
Тухайлбал, ШУТИС-ийн багш Д.Сэрдарам залуусыг жагсаалд нэгдэхийг уриалж, “онц авах хүүхдүүд жагсаал дээрх зургаа над руу явуул. Би онц тавина” гэх утгатай пост хийсэн байдаг. Иймд бид энэ асуудлын талаар ШУТИС-ийн багш Д.Сэрдарамтай ярилцлаа.
ВИДЕО:
-"БАГШ ХҮН ОЮУТНУУДАА НИЙГЭМД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЁСТОЙГ НЬ ХЭЛЖ ОЙЛГУУЛДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ"-
-Ерөнхий сайдын хүү найз охиндоо үнэтэй бэлэг худалдан авсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж, төв талбайд жагсаал болж байна. Таны хувьд оюутнуудыг энэхүү жагсаалд оролцохыг уриалж, оролцсон тохиолдолд онц дүн тавина гэх постыг оруулсан нь олны анхаарлыг татаж, зарим талаараа шүүмжлэл дагуулж байх шиг байна. Энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Багш хүн тэгж бичих ёсгүй байсан гээд байгаа. Багш нар харин ч оюутнуудыг нийгэмд үзэл бодлоо илэрхийлж байх хэрэгтэй гэдгийг нь хэлж, ойлгуулж байх хэрэгтэй. Гэтэл мэргэжил нэгт хүмүүс нь ойлгохгүй, зарим нь попорлоо гэж хэлж байна. Маш олон багш нар дэмжихийн оронд иймэрхүү хандлага гаргаж байгаа нь урамгүй л байгаа. Гэхдээ тэглээ гээд яах вэ. Би нэг их тоохгүй байгаа. Өмнө нь “Ажлаа хий” гэсэн жагсаал болж байхад бас л ийм пост бичээд, зарим нь энэ постоо устга гэж хэлж байсан. Дараа нь нүүрсний жагсаал болоход би бүр өөрөө оюутнуудаа аваад гарч ирсэн.
Тухайн үед сургуулийн сургалтын албанаас оюутнуудаа ингэж авч явах нь хариуцлагагүй үйлдэл гэдгийг хэлж байсан. Гэхдээ би ингэж хэлээд байдаг учир нь энэ зургаан жилийн хугацаанд Монгол Улс улам л барьцгүй болоод байна. Гэтэл залуучууд мэдэхгүй байгаа шүү дээ.
Ирээдүй, бүх зүйлээ өөдрөгөөр л төсөөлж байгаа. Маш олон боломжийг нь хулгайлсан байгааг л бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ялангуяа манай 50 орчим настай хүмүүс. Залуучууд жагсаж байгаа нь сайн. Гэхдээ арван жилийн дараа залуучууд жагсахгүй шүү дээ. Учир нь мундаг, мэдлэгтэй залуус нь гаднын орон луу явчихна. Үнэнийг хэлэхэд манай үеийнхэн Монголд үр хүүхдээ бодож л амьдарч байна. Бид айлд хонож байгаа юм шиг гадаадад амьдраад байвал хэцүү. Бид өөрсдийнхөөрөө эх нутагт сайхан амьдрах ёстой. Түүнийг л хэлсэн. Залуучууд улам илүү жагсаасай. Жагсаал хийх ганцхан шалтгаан байгаа. Гэхдээ жагсаалыг утгагүй болгох хэдэн зуун шалтгаан бий. Номын баярт оролцож байгаа хүмүүс ч жагсагчидтай хамтраасай, дэмжээсэй гэж их хүсэж байна.
-НАДАД АЙГААД БАЙХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ. ЦААНАДАЖ АЖЛААС ХАЛАХ Л БАЙХ-
-Таныг тийм пост бичсэний төлөө, байр сууриа илэрхийлсний төлөө дарамт шахалт ирж байна гэж хэлж байна. Төрийн байгууллагад ажилладаг хүнд магадгүй ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх эрсдэл байгаа юм биш биз гэж харагдаж байна?
-Би ахлах багш. Өөрөөр хэлбэл би ямар нэгэн албан тушаалгүй хүн. Би хичээлээ тултал нь орж байгаа учраас дүнгээ хэрхэн тавих нь профессорын эрх мэдэл. Надад айгаад байх зүйл үнэндээ байхгүй. 30-н жил ажилласан хүнийг цаанадаж ажлаас нь хална л биз. Янз бүрийн дарамталдаг зүйл байдаг. Гэхдээ тэр бүгдийг би тоохоо байсан. Хүмүүс попроод байна л гэдэг. Гэхдээ тэр нь асуудал биш. Би цаашдаа ч гэсэн энэ асуудлыг ярьж хэлээд явна.
-Тэтгэвэрт гарахынхаа өмнө ажлаасаа чөлөөлөгдчих юм биш биз. Халагдчих юм биш биз гэсэн айдас танд байна уу?
-Би халагдах юм бол өөр сургуульд очоод л багшилна шүү дээ. Гэхдээ арай халахгүй байх. Халахгүй байх гэж бодож байна. Сургуулиас бол халах зүйл ярьж байгаагүй. Янз бүрийн байгууллагуудаас тодруулга авсан зүйл байдаг. Энэ удаагийнх нь нийгэм рүү чиглэгдсэн том давалгаа шиг зүйл болоогүй байна л даа. Гэхдээ болоосой гэж хүсэж байна.
-ӨМНӨ НЬ ЖАГСААЛД ОЮУТНУУДАА ОРОЛЦОХЫГ УРАИЛСАН АСУУДЛААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ХОЁР УДАА ДУУДАЖ, ТОДРУУЛГА АВЧ БАЙСАН-
-Өмнөх жагсаал дээр оюутнуудаа уриалж оролцсоныхоо төлөө хуулийн байгууллагаас шалгагдаж байсан гэх зүйлийг та ярьж байна уу?
-Хуулийн байгууллагаас хоёр удаа дуудаж тодруулга авч байсан. Бас нэг инээдтэй жишээ байдаг юм. “Солонгос хожвол хоёр оноо нэмнэ” гэдэг жиргээг би хийсэн. Түүнийг АТГ-аас тодруулж асууж байсан. Гэхдээ манай их сургууль өөр шүү дээ. Үүнийг ярихад хүртэл инээдтэй. Хамгийн гол нь жагсаалыг маш олон механизмаар хүчийг нь бууруулдаг зүйл байгаа. Түүнийг л манай залуучууд ойлгож ухамсарладаг байгаасай. Манай үеийнхэн ч залуучуудаа дэмжээд зайгаа тавиад холдоод өгөөсэй гэж хүсэж байгаа юм.
-Та төрийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна.
-1995 онд сургуулиа төгсөөд ажилласан. Одоогоор 30-н жил ажилласан байна.
-Таны сарын орлого хэд бол?
-Миний хувьд дундуур нь янз бүрийн цагийн ажил хийгээд сардаа зургаан сая орчим төгрөг олдог. Багш нарын цалин бол 3 сая 500 мянга орчим байдаг.
-Магадгүй таны хүүхэд Ерөнхий сайдын хүүхдийн хэмжээнд 20 сая төгрөгөөр найз охиндоо бэлэг авч өгөх хэмжээний боломжтой болов уу?
-Мэдээж тийм боломжгүй. Гэхдээ би тийм боломжтой байсан ч хүүхдээ тэгж хүмүүжүүлэхгүй. Энэ асуудал мэдээж хүмүүсийн уурыг хүргэнэ шүү дээ. Шударга бус санагдана шүү дээ. Гол нь энэ жагсаал нийгмийг хамрахдаа зохион байгуулалттай, ухамсартай, эерэг болоосой, илүү олон залуус гарч ирж жагсаасай гэж хүсэж байна.
-Та жагсаалд оролцсон уу?
-Оролцоогүй байна. Дүнгээ гаргаад завгүй байлаа. Гэхдээ оролцохоос илүү уриалж байгаа. Тэр л миний үүрэг юм болов уу гэж бодож байна. Залуучууд нь үгээ хэлж би тус болохыг л хүсэж байна.
-Сурагч, оюутнууд нь жагсаалд хэр их оролцсон бол?
-Би үүнийг бүр онцолж хэлмээр байна. Над руу нэг ч оюутан зураг явуулаагүй. Дүн гуйгаагүй. Ямар нэгэн дүн авсан хүн байхгүй. Зүгээр л “багшаа би жагсаалд ирсэн” гэх зүйлийг хэлж байсан. Би зүгээр л хүүхдүүдийг уриалсан төдий. Гэхдээ үүнийг бичсэнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой бол хүлээнэ. Манай хүүхдүүд “жагсаалд сууж байна. Дүн авья” гэж хэлээгүй.
-Таны хувьд маш олон хүүхэд залуустай ажилладаг учраас л энэ асуудлыг тэвчиж чадахгүй байна гэж харагдаад байгаа юм л даа.
-Харин тийм. Тийм зүйл сонсохоор үнэнч, шударга байх гэдэг сэтгэхүй залуусын сэтгэлгээнд хэзээ ч суухгүй. Энэ тэмцэл ямар нэгэн үр дүнд хүрээд, хариуцлага хүлээх юм бол залууст урам зориг, зөв сэтгэлгээ болно.