АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Катарын хааны гэр бүлээс 400 сая ам.долларын үнэтэй Boeing 747-8 онгоцыг бэлгэнд хүлээн авах шийдвэр гаргасантай нь холбоотойгоор АНУ-ын улс төрийн хүрээнд өргөн хүрээний шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөж эхлээд байна. Магадгүй Д.Трампын энэхүү шийдвэр нь АНУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэх олон нийт ч байгаа аж.
Д.Трамп уг онгоцыг түр хугацаанд Air Force One буюу АНУ-ын Ерөнхийлөгчийг тээвэрлэх онгоц болгон ашиглаж, дараа нь "Ерөнхийлөгчийн номын сан" буюу АНУ-ын бүх ерөнхийлөгчид зориулсан музей, архивын төвд шилжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн.
Тэрээр энэхүү бэлгийг “сайхан сэтгэлийн илэрхийлэл” хэмээн тодорхойлж, АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх боломж хэмээн хамгаалж байгаа юм. Гэсэн хэдий ч, хуульчид болон улс төрчид энэ нь Үндсэн хуулийг зөрчиж, Конгрессын зөвшөөрөлгүйгээр гадаад улсын бэлэг хүлээн авсан гэж үзэж байгаа юм.
Мөн АНУ-ын Бүгд найрамдах намын зарим гишүүд Д.Трампын уг шийдвэрт шүүмжлэлтэй хандаж, Америкийн үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүйг анхааруулсан байна. Тэд онгоцонд тагнуулын төхөөрөмж суурилуулсан байх магадлалтай гэж үзэж, АНУ-ын Ерөнхийлөгч гадаад улсын бэлэглэсэн онгоцоор нисэх нь зохисгүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC