Турк улсад маргааш /2025.05.15/ болох Орос, Украины энхийн хэлэлцээрт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Туркт болох энэхүү хэлэлцээр нь 2022 оноос хойших хоёр улсын анхны өндөр түвшний шууд уулзалт болох төлөвтэй байгаа бөгөөд Украины Ерөнхийлөгч В.Зеленский зөвхөн В.Путинтай л уулзана гэдгээ илэрхийлээд буй. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песковын мэдээлснээр, "хэлэлцээрт хэн оролцох талаар ерөнхийлөгч В.Путины шийдвэр гарсаны дараа зарлах болно" гэжээ.
Тэгвэл В.Зеленский Оросын удирдагч В.Путинтай шууд уулзахыг хүсч байгаа бөгөөд түүний оролцоо нь Оросын энхийн хүсэл эрмэлзлийг илтгэнэ гэж үзэж байна. Харин В.Путин Туркт маргааш болох уулзалтад оролцохгүй бол энэ нь Оросын энх тайвныг хүсэхгүй байгаагийн илрэл болно гэж тэрээр мэдэгдээд байна.
Тэгвэл Европын холбоо болон АНУ-ын зүгээс Оросыг 30 хоногийн гал зогсоох гэрээнд нэгдэхийг уриалж байгаа бөгөөд хэрэв хэлэлцээр амжилтгүй болвол Орост шинэ хориг арга хэмжээ авах талаар анхааруулаад байна.
Эх сурвалж: Reuters