Говь-Алтайн өмнөд хэсэгт амьдарч байсан эртний хүмүүс "керамик эдлэл" хэрэглэж байсны нотолгоог олсон талаар олон улсад мэдээлжээ

Говь-Алтайн өмнөд хэсэгт амьдарч байсан эртний хүмүүс "керамик эдлэл" хэрэглэж байсны нотолгоог олсон талаар олон улсад мэдээлжээ

11.3-10.5 мянган жилийн өмнө Монголын өмнөд нутаг болох Говь-Алтайн өмнөд хэсэгт амьдарч байсан эртний хүмүүс керамик эдлэл хэрэглэж байсны нотолгоог олсон талаар “Radiocarbon” сэтгүүлд нийтэлжээ.

Олон улсын эрдэмтэд Монголын өмнөд хэсэгт орших Чулуун зэвсгийн үеийн дурсгалт газрууд, суурин газруудын томоохон цогцолбор болох Цахиурт уулын хөндий гэгдэх газраас малтаж гаргаж авсан олдворуудад нүүрстөрөгчийн цацрагийг ашиглан судалгаа хийжээ. Мөн уг сэтгүүлд нийтэлснээр 1990-ээд оны дундуур ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн академич Анатолий Деревянко тэргүүтэй Орос-Монгол-Америкийн хамтарсан археологийн экспедицийн судлаачид Монголын өмнөд хэсгээс чулуун зэвсгийн үеийн дурсгал, суурингуудын асар том цогцолборыг илрүүлсэн байна. Говь Алтайн өмнөд хэсэгт орших Цахиуртын хөндийгөөс олон янзын олдвор олдсоны хамгийн эртнийх нь хэв шинжийн хувьд палеолитын үе шатанд хамаарах юм. Үүнтэй ижил газраас судлаачид дор хаяж таван палеолитийн үлдэгдлийг олж илрүүлсэн бөгөөд тэдний эрэг дээр анчид олон удаа хуаран байгуулж байжээ.

Эдгээр дурсгалт газруудын багахан хэсгийн насыг тогтоохын тулд Польшийн Шинжлэх ухааны академийн Археологи, угсаатны судлалын хүрээлэнгийн ажилтан Пшемыслав Бобровский Монгол, Польшийн мэргэжил нэгт нөхдийнхөө хамт нэгэн нуурын эргээс илэрсэн гурван газраас радиокарбонд шинжилгээ хийх материал цуглуулсан байна.

Нийтдээ эрдэмтэд гал түймрийн зургаан цэгээс нүүрсний дээж цуглуулсан бөгөөд зарим тохиолдолд задгай зуухны ойролцоо хальцедон, кварц, улаавтар хаш чулуугаар хийсэн олон зуун төрөл бүрийн чулуун олдворууд, гоёл чимэглэлийн керамик эдлэлийн хэлтэрхий, тэмээн хяруулын өндөгөөр хийсэн бөмбөлгүүдийг, түүнчлэн амьтны үлдэгдэл олдсон гэжээ. Мөн Археологичдын үзэж байгаагаар хамгийн эртний галын нүхийг 11.3-11.2 мянган жилийн өмнө асаасан байна. Судалгааны үр дүн 11,300-10,500 жилийн өмнө говь цөлд хүмүүс амьдарч байсныг нотлоод зогсохгүй энэ бүс нутагт керамик эдлэл маш эрт гарч ирснийг харуулж байна. 

Эх сурвалж: Radiocarbon сэтгүүл