Хамасын барьцаанд 19 сар гаруй хугацаанд байсан АНУ-Израилийн иргэн 21 настай Э.Александр өчигдөр /2025.05.12/ суллагдаж, Израильд гэр бүлтэйгээ уулзсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд онцлон мэдээлж байна. Тэрээр 2023 оны 10 дугаар сарын 7-нд Хамасын Израиль руу хийсэн дайралтын үеэр Хамас бүлэглэлд баривчлагдсан бөгөөд энэ хугацаанд газар доорх хонгилд хүлэгдэж, тарчлан байжээ.
Э.Александрыг Хамасын барьцаанаас суллах ажиллагаа АНУ, Египет, Катарын зуучлалаар явагдсан бөгөөд түүнийг Улаан Загалмайн байгууллагад шилжүүлсний дараа Тель-Авив дахь Ихилов эмнэлэгт эмчилгээ хийж эхэлжээ.
Э.Александр суллагдсаны дараа гар бичмэлээр “Thank you President Trump” гэсэн бичиг барьж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампт талархал илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан.
Харин Хамас бүлэглэл түүнийг суллахыг “сайн санааны илэрхийлэл” хэмээн тодорхойлж, АНУ-тай харилцаагаа сайжруулах, цаашдын гал зогсоох хэлэлцээрийн эхлэл болохыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху Э.Александрыг суллах ажиллагаа нь АНУ-ын улс төр болон Израилийн цэргийн үр дүн гэж мэдэгдсэн ч, цаашдын цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ онцолсон байна. Одоогоор Хамасын барьцаанд 58 хүн байгаа бөгөөд тэдний 23 нь амьд байж болзошгүй гэж Израилийн тал мэдээлж байгаа юм.
Эх сурвалж: BBC