Хятадад тогтоосон 145 хувийн импортын татвараа 80 хувь болгон бууруулах саналыг Д.Трамп тавьжээ

Хятадад тогтоосон 145 хувийн импортын татвараа 80 хувь болгон бууруулах саналыг Д.Трамп тавьжээ

Өнгөрөгч баасан гараг /2025.05.09/-т АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын бараанд тавьсан импортын 145 хувийн татварыг 80 хувь хүртэл бууруулах саналаа дэвшүүлсэн талаар зарим олон улсын агентлагууд мэдээлсэн байна. Тэрбээр энэ саналаа Швейцарьт болох Америк, Хятадын өндөр түвшний худалдааны хэлэлцээний өмнө илэрхийлжээ.

Д.Трампын энэ санал нь одоогийн 145 хувийн татварыг бууруулах зорилготой боловч Хятадын талын хүлээлтэд хүрэхгүй байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Тэдний үзэж буйгаар, худалдааг сэргээхийн тулд татварын түвшинг 60 хувиас доош бууруулах шаардлагатай ажээ. Швейцарьт болох Америк, Хятадын хэлэлцээний үр дүнг хүлээж буй энэ үед Д.Трампын дээрх санал нь хоёр улсын худалдааны маргааныг намжаах эхний алхам байж болох ч, хоёр талын байр суурьт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй хэвээр байна.

Сонирхуулахад,  АНУ болон БНХАУ-ын өндөр түвшний худалдааны хэлэлцээ Бямба гараг /2025.05.10/-т Швейцарын Женев хотод эхэлсэн бөгөөд өнөөдөр /2025.05.11/ үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна. Энэ удаагийн хэлэлцээр нь хоёр орны хоорондын худалдааны маргааныг намжаах зорилготой бөгөөд дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлж болзошгүй юм. Хэлэлцээрт АНУ-ын талаас Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жамисон Грир нар оролцож байгаа бол БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн дэд дарга Хэ Лифэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа ажээ. 

Эх сурвалж: New York Post