Франц, Герман, Польш, Их Британийн удирдагчид "нууц айлчлал"-аар Украинд ирж, маргаашаас эхлэн ОХУ-ыг "ямар ч нөхцөлгүй" 30 хоног гал зогсоохыг шаарджээ

Франц, Герман, Польш, Их Британийн удирдагчид "нууц айлчлал"-аар Украинд ирж, маргаашаас эхлэн ОХУ-ыг "ямар ч нөхцөлгүй" 30 хоног гал зогсоохыг шаарджээ

Өчигдөр /2025.05.10/ Украины нийслэл Киев хотноо Их Британийн Ерөнхий сайд К.Стармер, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Германы Канцлер Ф.Мерц, Польшийн Ерөнхий сайд Д.Туск болон Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар түүхэн уулзалт хийсэн талаар олон улсын мэдээллийн агентлагууд онцлон мэдээлж байна.

Тэдний өчигдөр болсон уулзалтаар Оросын ерөнхийлөгч В.Путинд хандан, энэ сарын 12 /2025.05.12/-ны Даваа гарагаас эхлэн 30 хоногийн хугацаатай, ямар ч нөхцөлгүй гал зогсоох гэрээ байгуулахыг шаардаж, энэ хугацаанд энхийн хэлэлцээг эхлүүлэх боломж бүрдэнэ гэж тэд үзсэн байна. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Оросын эсрэг эрчимтэй шинэ хориг арга хэмжээ авч, эрчим хүч, банк санхүү, газрын тос, байгалийн хий, хөлөг онгоцны флот зэрэгт чиглэсэн шинэ санкц хэрэгжүүлж, Украинд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэхээ тэд мэдэгдсэн байна.

Мөн Киев хотод болсон уулзалтын үеэр Европын орны удирдагчид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай утсаар холбогдож, энэхүү санаачилгыг дэмжихийг хүссэн байна. Харин Д.Трамп гал зогсоох гэрээг дэмжиж буйгаа илэрхийлжээ. 

Тэгвэл Оросын ерөнхийлөгч В.Путин энэхүү шаардлагыг шууд хүлээн зөвшөөрөөгүй ч, энэ сарын 15 /2025.05.15/-нд Истанбул хотноо Украины талтай урьдчилсан нөхцөлгүй шууд яриа хэлэлцээ хийх саналыг өнөөдөр гаргаад байна. 

Хэрэв маргаашаас эхлэн ямар ч болзолгүй 30 хоногийн хугацаанд гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлбэл, агаар, хуурай газар болон далайд ямар ч буун дуу гарахгүй аж. Гал зогсоох энэхүү гэрээнд ямар ч урьдчилсан нөхцөл тавихгүй бөгөөд хэрэв Орос ямар нэгэн нөхцөл шаардвал энэ нь энхийн хэлэлцээг няцаасан, дайн үргэлжлүүлэх зорилго бүхий алхам гэж үзэх аж. Түр гал зогсоох гэрээний үеэр зөрчлийг нарийн хянах, шинжилж үнэлэх ажлыг АНУ-тай хамтран Европын орнууд хэрэгжүүлэх аж.

Сонирхуулахад,  Европын орны удирдагчдын энэхүү айлчлал нь өндөр нууцлалтайгаар зохион байгуулагдсан бөгөөд Европын орны удирдагчид Польшийн хилээр дамжин, тусгай галт тэргээр Киев хотод хүрэлцэн ирсэн байна. Аюулгүй байдлын үүднээс айлчлалын талаар урьдчилан мэдээлэл өгөөгүй бөгөөд зөвхөн Киевт хүрэлцэн ирсний дараа олон нийтэд мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters