Өнөөдөр /2025.05.09/ болох ОХУ-ын Ялалтын баярын парадын аюулгүй байдлыг хангах зорилгоор Оросын эрх баригчид хэд хэдэн онцгой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн байна.
Эдгээр арга хэмжээнүүд нь Украины талаас ирж болзошгүй дрон довтолгоо болон бусад аюул заналхийллээс сэргийлэхэд чиглэж байгаа аж. Учир нь В.Зеленский Оросын ялалтын баярт оролцож буй гадаадын удирдагчдад хандан, ОХУ-ын газар нутагт болж буй үйл явдалд Украины тал хариуцлага хүлээхгүй гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл ОХУ-ын нийслэл Москвад болон бусад 30 гаруй хотод гар утасны интернетийн хандалтыг түр хугацаагаар хязгаарласан байна. Энэ нь дроны довтолгоог саатуулах, аюулгүй байдлыг хангах зорилготой гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгджээ. Интернэтийн энэхүү хязгаарлалт нь энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй бөгөөд үүний улмаас такси үйлчилгээ, цахим төлбөр тооцоо, хүргэлтийн үйлчилгээнд саатал үүсээд байгаа аж.
Оросын ялалтын баярын хугацаанд Москва хотдоо салют ашиглахыг хориглосон байна. Энэ нь дрон довтолгооны үед агаарын хамгаалалтын системийн ажиллагаанд саад учруулахгүй байх, аюулгүй байдлыг хангах зорилготой аж.
Мөн ОХУ-ын цэргийн болон тусгай албад Ялалтын баярын арга хэмжээг аюулгүй, тайван орчинд зохион байгуулахын тулд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлжээ. Энэ талаар Д.Песков “Бидний аюултай хөршийн улмаас эдгээр арга хэмжээг авах шаардлагатай болсон” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters