Нарны аймгийг тойрсон есөн гарагаас ганц дэлхий л нарнаас хол ч биш, ойр ч биш оршдог. Озоны давхаргатай, цэнгэг устай, хүчилтөрөгчтэй, эх газартай. Дээр нь олон төрлийн ургамал, амьтан тэр ч бүү хэл алт, мөнгө, нүүрс гээд хүний хэрэглээ цөм бүрдсэн цор ганц гараг.
Энэ дэлхий дээр бид найман тэрбум болтлоо өсч үржин, оршиж, амьдын жаргалыг эдэлж яваа нь юутай сайхан. Хүн төрөлхтөн хөгжлийн дээд түвшиндээ хүрч цахилгаан, интернэт, онгоц бүтээж дулаан орон сууцанд тухтай амьдарч, брэндийн хувцасаар гангарч, кофе шимж сууна.
Ийн амьдрахдаа хүн бүхэн дэлхийн нөөц баялгаас ашигласаар байдаг бөгөөд үүнийг шинжлэх ухаанд экологийн ул мөр гэж нэрлэдэг байна.
Судлаачдын үзэж буйгаар хүн бүр жилд дунджаар 2.7 га газарт экологийн ул мөр үлдээдэг аж. Өөрөөр хэлбэл хүн нэг бүрийг хоол хүнс, гэрэл цахилгаан, өмсөх хувцас, орон байртай байлгахын тулд манай дэлхий 2.7 га газрын нөөц баялгаа хэрэглүүлэх шаардлагатай болдог гэсэн үг.
Найман тэрбум хүнийг дулаан сууцанд, гэрэл цахилгаан, интернэттэй, гэдэс цатгалан, сэтгэл хангалуун амьдруулахын тулд дэлхий ертөнц өөрийн нөөц баялгаа шавхсаар байна. Гэвч хүн төрөлхтөн бид өнөөдрийнх шигээ хэрэглээтэй амьдарсаар байвал 2035 он гэхэд цэнхэр гараг маань бидний эрчим хүч болон бусад нөөц эх үүсвэрүүдийн хэрэгцээг хангаж дийлэхээ болих нь ээ. Энэ үед дэлхийтэй ижил бас нэгэн өөр гарагийг олох шаардлагатай тулгарах билээ. Үүнээс зайлсхийхийн тулд бид өөрсдийн амьдрал, ажил, амралт цэнгээнийг эрс өөрчлөх шаардлагатай байна.
Бидний амьдарч буй дэлхий 4.5 тэрбум жилийн настай. Хүмүүс бид хамгийн ихдээ 100 жилийг л энэ дэлхий дээр өнгөрүүлдэг. Тиймээс хүмүүс бид энэ дэлхийд үдлээд буцах хугацаандаа байгаль дэлхийн нөөц баялгаас аль болох бага ашиглаж, минимал энгийн амьдармаар байна. Үүний тулд та аль болох их алхаж, цэвэрхэн бас хуучин хувцас сонгож, амт чанар муутай ч эрүүл энгийн хүнс хэрэглэхийг хичээж, ус цахилгааныг хэмнэж, нэг удаагийн аяга таваг, цаасан салфеткаас татгалзаж байгаль дэлхийд аль болох бага ул мөр үлдээхийг хичээж амьдраарай. Үгүй бол бидэнд хоёр дахь сонголт, хоёр дахь дэлхий гэж үгүй билээ.