Засгийн газраас Татварын хуулийн шинэчлэлийг энэ сарын 15-нд УИХ-д өргөн барих гэж байна. Гэвч Татварын хуульд дорвитой шинэчлэл хийгээгүй, өөрчлөлт оруулсан болж аргалаад өнгөрөх гэж буй нь Сангийн яамны вэб сайтад тавьсан мэдээллээс харагдаж байгаа юм. Өнөөдөр ажилтан, ажил олгогч нийлээд 24 хувийн Нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг. Мөн хөлсөөр ажиллуулах зэрэг бүх зардлаас татвар авч буй.
Энэ нь аж, ахуй нэгжүүдийг хүний нөөцөө нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тэлэх ямар ч боломжгүй болгож байгаа юм. Цаашлаад Хүн амын орлогын албан татварт 10 хувийг төлөхийн зэрэгцээ, 50 сая төгрөгийн орлого олох төдийд л НӨАТ төлөгчөөр бүртгэн 10 хувийн татвар авч байна. Энэ мэт олон төрлийн өндөр татвараас өндийх, өсч хөгжих, орлого олох боломж тун ховор байгаа тул аж, ахуй нэгж, иргэдийн зүгээс Татварын хуулийг бүхэлд нь үр дүнтэйгээр шинэчлэхийг хүлээж байгаа юм. Харамсалтай нь Сангийн яам, УИХ дахь ажлын хэсэг шинэчлээгүй хуулийн төслөө шинэчлэл хэмээн ярьж, энэ талаараа мэдээлэл өгөхөөс ч татгалзаж байна. Харин эдийн засагч Р.Шинэгэрэл Хүн амын орлогын албан татварыг 1 хувь болгох өргөдлийг D-өргөдөл хаягт байршуулж 100 мянган иргэний дэмжлэгийг авсан тул УИХ-аар хэлэлцэхээр болсон юм. Энэ талаар эдийн засагч Р.Шинэгэрэлтэй ярилцлаа.
ВИДЕО:
-ЗАСГИЙН ГАЗАР ОГТ ШИНЭЧЛЭЛ ХИЙГЭЭГҮЙ. ТАТВАРЫН ДАРАМТ ЯГ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА-
⁃ Та Хүн амын орлогын албан татварыг 1 хувь болгох саналыг гаргасан. Таны саналыг 100 мянган иргэн дэмжсэн учир УИХ-аар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Ер нь Хүн амын орлогын албан татварыг бууруулах боломж манай төсөвт бий юу. Төсөвт хэр дарамт учруулах вэ?
- Хувь хүний орлогын албан татварыг 10, 15, 20 хувийн шатлалтайгаар цалингаас суутгаж байна. Хөрөнгийн орлого, Хувьцааны ногдол ашгийн орлогоос авах татвар бас л 10 хувьтай байна. Бүр 40 хувьтай татвар ч байна. Яг хувь хүн өөртөө авдаг мөнгөнөөс суутгадаг татварыг 1 хувь болгох нь зүйтэй юм байна гэж үзээд дээрх санаачлагыг гаргасан. Долоо хоногийн дотор буюу маш богино хугацаанд 100 мянган иргэн дэмжсэнээр хуулийн төсөл болгох шаардлагыг хангасан. Улсын төсөвт 2.5 их наядын ачаалал үүсгэхээр байгаа. Энэ жилийн улсын нэгдсэн төсөв 33.5 их наяд төгрөг. Түүн дээр 2.5 их наядын ачаалал үүсгэнэ гэсэн үг. Төсөв 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 3-4 дахин өсч, асар том тэлэлт явагдсан.
Тэгэхээр энэ хэмжээний төсвийг хангалттай танаж, багасгах боломж бий гэж харж байна. Өөрөөр хэлбэл, 2.5 их наяд нь 33.5 их наядын бүтэцтэй харьцуулахад тийм их дүн биш. Цаашлаад дундаж орлоготой иргэдэд дэмжлэг үнэхээр хэрэгтэй байгаа.
Сүүлийн жилүүдэд маш олон төрлийн татвар хураамж бий болсноос гадна дүн нь өссөн. Тухайлбал, нийслэлийн татвар мөн автомашинтай холбоотой бүх татвар 2-5 дахин өссөн. Цалингийн доод түвшин өссөнтэй холбоотойгоор цахилгаан, дулааны үнэ хоёр дахин өслөө. Мөн валютын ханш өсч эхэллээ. Энэ бүх өсөлт иргэдээс гарах татаасыг нэмэгдүүлж байгаа юм. Иргэдээ л өмчтэй, орлоготой болгох ёстой. Учир нь улс хөгжье гэвэл иргэдээ өмчтэй, орлоготой болгох ёстой. Энэ бол олон улсад батлагдсан зүй тогтол, хууль юм. Орлоготой, өмчтэй чинээлэг иргэд үр хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэнд, улс орныхоо хөгжилд анхаарал хандуулж эхэлдэг. Мөн бүгд хөрөнгө оруулагч болдог. Хөрөнгө оруулагч болно гэдэг нь ажлын байр бий болгож, эдийн засгаа тэлж, татварын бааз суурийг тэлэхийн үндэс шүү дээ. Тиймээс сүүлийн 100 жилийн хугацаанд мөрдөж ирсэн бүгдийг ижил, тэгш адилхан байлгах гэдэг үзэл бодлоосоо бүр мөсөн салмаар байна. 1921 оны хувьсгалыг хийсэн Бодоо, Данзан нарын хэлсэн шиг баян иргэнтэй баян улс болмоор байна.
⁃ Таны санаачлагыг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон. Нөгөө талд Засгийн газар Татварын багц хуулийн шинэчлэлийг хийж байна. Тэгэхээр таны өргөдөл Засгийн газрын шинэчлэлд тусгагдаад явах уу, тусдаа явах уу?
⁃ Нийтийн өргөдлийг авч хэлэлцэх асуудал УИХ-ын тухай хуулинд тусгагдаад анхны өргөдлөө авч хэлэлцэх гэж байна. Хууль санаачлах асуудлаар УИХ авч хэлэлцэнэ гэх зохицуулалт хуулинд бий. Засгийн газар татварын багц хуулийн шинэчлэлийг боловсруулж, энэ сарын 15-нд өргөн барих гэж байна.
Үүнтэй холбоотой Сангийн яам вэб сайтдаа дээрх хуулийн төслийн шинэчлэлийг байршуулж олон нийтийн саналыг авч байгаа юм билээ. УИХ дээр ажлын хэсэг гарсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж байна. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт алслагдсан бүс нутгийн иргэдээс авах Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох хуулийн төслийг боловсруулж, өргөн барих гэж байна. Энэ бүх асуудлууд нийлээд л хаврын чуулганаар батлагдах ёстой. Татварын орчинг ямар байлгах юм, хэлэлцэх ёстой.
⁃ Сангийн яамнаас боловсруулсан төсөл дээр Хүн амын орлогын албан татварыг бууруулах талаар тусгаагүй байсан?
⁃ Сангийн яамны төсөлд тус татварыг буулгах, тэр дундаа дундаж давхаргыг дэмжих талаар огт санал тусгаагүй. Нэг жилд 9 сая 8 мянган төгрөгийн орлоготой иргэнд 80 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн байсан. Өөр бусдаар яг хэвээрээ. Ногдол ашиг, хадгаламжийн хүүний орлогоос авах татварын хувь хэмжээ хэвээрээ байна лээ.
⁃ Тэгэхээр татварын шинэчлэл болж чадаагүй л гэж дүгнэнэ биз дээ?
⁃ Огт шинэчлэл байхгүй. Орлого багатай хувь 1 сая төгрөгөөс доош цалин авч байгаа хүмүүст 80 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэхээс өөрөөр дундаж давхаргынханд үзүүлэх хөнгөлөлт юу ч байхгүй. Дундаж давхаргынхан 2-3 сая төгрөгийн хооронд дэнжигнэж байна шүү дээ. Хуучин татварын ачаалал яг хэвээрээ байна. Хувь хүн, иргэн рүү гээ чиглэсэн татварын шинэчлэлийг Засгийн газраас хийгээгүй.
Тэр бүү хэл орлогоосоо 1 хувь төлөөд хялбаршуулсан байдлаар татварын тайлан гаргадаг болъё гэсэн өмнөх шинэчлэлийг хүртэл хассан байна лээ.
Өнөөдөр аль хэсэгт хамгийн их татварын ачаалал байгаа вэ гэдгийг Засгийн газар сайн судлах хэрэгтэй. Нийлээд 3 сая төгрөгийн цалингийн орлоготой гэр бүл 300 мянган төгрөгийн Хүн амын орлогын албан татварыг төлдөг. Хэрвээ Хүн амын орлогын албан татварыг 1 хувь болгочихвол 270 мянган төгрөгийг тэр өрх авч үлдээд амьдралдаа хэрэглэх нь байна шүү дээ. Энэ боломжийг нээмээр байна. Дээрээс нь их орлоготой хүнээс их татвар авдаг нь хамгийн буруу. Яагаад гэвэл хамгийн их орлого, ашигтай хүн энэ улс орны хөрөнгө оруулагч байдаг юм. Тэр хүмүүс шинэ ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалт хийж, татварын суурь баазыг нэмдэг юм. Гэтэл манайд эсрэгээрээ их орлоготой хүнээс их татвар авч татварын дарамтыг тэр хэсэг дээр үзүүлээд байна.
-ИХ ОРЛОГОТОЙ ХҮНЭЭС ИХ ТАТВАР АВЧ ТАТВАРЫН ДАРАМТЫГ ТЭР ХЭСЭГ БИЙ БОЛГООД БАЙНА-
⁃ Сая та хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдардаг иргэдээс 1 хувийн Хүн амын орлогын албан татварыг авах хуулийн төслийг боловсруулж байна. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн ялгаварлал байх магадлалтай. Хүнийг оршин суух газар, нийгмийн гарал үүслээр нь ялгаварлаж үл болно. Цаашлаад бүх хүн хуулийн өмнө эрх, тэгш эрх, үүрэгтэй. Алслагдсан бүс нутагт хэдэн хүн Хүн амын орлогын албан татвар төлдөг юм?
⁃ Алслагдсан бүс нутагт өмнө нь хөнгөлөлт байсан. Яагаад хөнгөлөлт үзүүлж байгаагаа үндэслэлтэй тайлбарлах ёстой. Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулна гэж ярьж байна лээ. Тийм боломж байхгүй, батлагдаагүй зүйл ярих хэрэггүй. Хаана эдийн засаг, эрх мэдэл байна тэнд төвлөрөл байна. Бүх эрх мэдлийг Улаанбаатар, Засгийн газарт авчирсан бол энэ мэдлээ задалж байж л төвлөрөл саарна. Татварын ачааллаас болж төвлөрөл бий болоод байгаа юм биш.
Гэхдээ сүүлийн үед УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг 100 мянган иргэн дэмжиж гарын үсгээ зурсан юм чинь Хүн амын орлогын албан татварыг 1 хувь болгох асуудлыг улсын хэмжээнд авч үзье гэж бодож эхэлсэн гэж би харсан.
⁃ Та гадны улсуудын туршлагыг судалсан уу. Манайх шиг эдийн засагтай улсуудад энэ төрлийн татвар ямар хэмжээнд байдаг вэ?
⁃ Хувь хэмжээний хувьд манайх боломжийн. Гэхдээ айл өрхүүдийн амьдрал жилээс жилд төсвийн тэлэлт шигээ сайжирч байна уу гэдэг чинь л асуудал болоод байна шүү дээ. Яагаад иргэд өсч, дэвшихгүй байгаа юм. Төрийн нөлөө, татварын дарамт их байгаа учраас өсч дэвшихгүй байна шүү дээ. Манайх өөрсдийгөө өөр улс орнуудтай харьцуулах гээд байдаг юм. Гэтэл бусад улс орнуудаас хамаагүй өөр нөхцөлтэй. Хоёр том дарангуйллын дэглэмтэй улсын дунд байна. Хөршийн нөлөө өндөр. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай иргэд нь жилдээ дөрвөн өөр хувцас худалдаж авч өмсдөг улс дэлхий дээр цөөн шүү дээ. Дээр нь тээвэр, дэд бүтцийн нөхцөл ямар байгаа билээ. Энэ нөхцөлд бусад улс орны татвартай жишиж ярих цаг нь болоогүй. Хөгжлийн өндөр түвшинд хүрч, нэг иргэний сарын дундаж цалин 5, 6 мянган долларт хүрвэл жишиг ярьж болох юм. Түүнээс биш Монгол чинь байгалиасаа өндөр татвартай орон. Юмны үнийн зардлыг өсгөчихдөг, байр сууц барьсан ч илүү зардал, нэмэгдэлтэй өндөр өртөг зардалтай орон шүү дээ. Өнөөдөр хүмүүс цахим мөрийтэй тоглоомонд хэдэн зуугаар нь мөнгөө алдчихлаа гэж ярьж байна. Энэ хүмүүст чинь хөрөнгө оруулчих бизнес байхгүй байна шүү дээ. Бүх зүйлийг нь төр хааж боосон байна. Хадгаламжийн хүү, хувьцааны өгөөж маш бага байна. Учир нь бас л төр хааж боож, хөгжүүлэхгүй байна. Тийм учраас тэр хүмүүс ямар нэгэн аргаар нэмэлт орлого олох гэж л тийшээ мөнгөө хийгээд байгаа болохоос биш мөнгө нь илүү гарсандаа биш шүү дээ.