"Бүлэг, Засгийн газрын шийдвэрээ сөрж, шүүмжилсэн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй" гэх журмын төслөө МАН өнөөдрийн хурлаараа дахин хэлэлцэнэ

"Бүлэг, Засгийн газрын шийдвэрээ сөрж, шүүмжилсэн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй" гэх журмын төслөө МАН өнөөдрийн хурлаараа дахин хэлэлцэнэ

МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа "Бүлгийн гишүүдээ үнэлэх үнэлгээний журмын төсөл"-ийг нууцын журмаар танилцуулж, хаалттай хэлэлцсэн ч гишүүд эсэргүүцсэн учир баталж чадалгүй хойшлуулсан.

-ЗАСГИЙН ГАЗАР, БҮЛГИЙН ШИЙДВЭРИЙНХЭЭ ЭСРЭГ БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЖ, САНАЛ ӨГСӨН ГИШҮҮДИЙГ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХГҮЙ ГЭЖ ЖУРАМД ТУСГАСАН БАЙНА -

Тэгвэл МАН-ын бүлэг дээрх журмын төслийг өнөөдрийн /2025.03.31/ хуралдаанаараа дахин хэлэлцэх аж.

Бүлгийн гишүүдийг үнэлэх үнэлгээний журмын төсөл нь Засгийн газар, намын бүлгийн шийдвэр, өргөн барьсан хуулийг дэмжихгүй эсрэг байр суурь илэрхийлсэн тохиолдолд 10 оноо хасдаг байх агуулгатай юм. Цаашлаад журмын төслийг зөрчиж удаа дараа Засгийн газар, бүлгийн шийдвэрийнхээ эсрэг байр суурь илэрхийлж, санал өгсөн гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй буюу сонгуульд нэр дэвшүүлэхгүй, албан тушаалд томилохгүй байх зохицуулалтыг тусгасан байна. Мөн бүлэг дэмжсэн хууль, тогтоолыг батлах эцсийн санал хураалтад оролцоогүй гишүүдээс ч оноо хасахаар төсөлд тусгасан байгаа юм. Тодруулбал, Журмын төслийн 6.2-т нийлбэр дүнгээр хамгийн бага оноо авсан 10 гишүүнтэй бүлгийн дарга, дэд дарга нар уулзаж анхааруулга өгнө, 6.3-т анхааруулгыг гурав ба түүнээс дээш зөрчвөл хариуцлага хүлээлгэх үндэслэл болно зэргээр зааж өгчээ.

Социализмын үеийн нэг үзэл сурталд тааруулж оноот уралдаанаар дүгнэдэг үнэлгээний журмын төслийг МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар боловсруулсан бөгөөд бүлгийн хурлаар хэлэлцэх үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамт байжээ.  

Гэвч МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь тус журмын төслийг эрс эсэргүүцэж, "УИХ-ын гишүүний ажилд сонгогчид нь үнэлгээ өгдөг болохоос журам гаргаад үнэлчихдэггүй юм, Нам дотроос олон янзын ургалч үзэл гарах ёстой. Бүх асуудлыг бүлгээр шийдээд, бүлгээс үүрэг чиглэл өгөөд бүгд ороод кнопдоод яваад байвал парламентад салбар салбарын төлөөлөл байгаа үр дүн гарахгүй. Нэг үзэл санаатай байх гээд байгаа бол Засгийн газрын гишүүдээ л нэг үзэл санаатай байлгана биз. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж байгаа явдал мөн. Яав ч хүлээн зөвшөөрөхгүй" зэргээр намын удирдлагуудтайгаа ширүүн маргасан байгаа юм.

-ӨНГӨРСӨН НЭГДҮГЭЭР САРД "ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ЗАСГИЙН ГАЗРАА ШҮҮМЖИЛЖ" БОЛОХГҮЙ ГЭХ ЖУРМЫГ МӨН БАТЛУУЛСАН БИЛЭЭ-

Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сард Ёс зүйн дэгийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы үйл ажиллагаанд оролцох журам батлах тухай асуудлыг хэлэлцэж батласан. Журамд "Засгийн газрынхаа эсрэг удаа дараа байр суурь илэрхийлсэн сайдад хариуцлага тооцох саналыг Ерөнхий сайдад хүргүүлнэ. Засгийн газрын гишүүн нь өвчтэй, чөлөөтэй, томилолттойгоос бусад тохиолдолд Байнгын хороо болон дэд хорооны хуралд оролцоно. Хэрэв дээрх хороодын хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаан даргалагчид өмнөх өдөр нь мэдэгдэж чөлөө авна. Засгийн газраас санаачлан боловсруулсан хууль, тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд асуулт асууж, санал илэрхийлэхгүй" зэргээр зохицуулалтыг тусгасан байв. Дээрх журмыг УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооны гишүүн А.Ариунзаяа тэргүүтэй гишүүд боловсруулж, батлуулсан.

Хоёрхон сарын өмнө дээрх журмыг баталсан атал үргэлжлүүлээд дахин УИХ-ын гишүүний үг, хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрхэнд халдсан үйлдлийг эрх баригч намаас ийнхүү гаргав. Энэ бүхэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-т дахь "Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхтэй" гэх заалтыг мөн хуулийн 3.1-т заасан "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэсан заалтыг зөрчиж байх магадлалтай.