УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, гишүүдийн асуултад хариулж байна.
АҮЭБ-ийн сайд Ц.Туваан: Гэрээндээ бид олон хэлэлцээрт, протоколд, дараа нь байгуулах гэрээгээ анхаарч заалтууд оруулсан байгаа. Сэргээгдэх эрчим хүчээ анхаарсан, хот байгууүлалт орон сууцжуулалтын төсөл хийнэ гэх мэтээр. Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг дээр бол Цагаанхадын суурьшлын бүсийн асуудлыг бас ярьж байна. Ханбогд сумтай холбоотой асуудлыг ч тэр. Газар нь өөрөө тусгай хамгаалалттай учир шийдвэрлэхэд төвөгтэй. Өчигдөр үүнийг шийдэж, тэндэх хүмүүсийн нийгмийн асуудлыг анхааръя гэж байгаа. Хайрхан багт баригдах эмнэлгийн асуудлыг шийдээд ирсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс БНХАУ-тай анх 1955 онд төмөр замын хил холболтын хэлэлцээрийг хийж байсан. Өнөөдөр хоёр улсын Засгийн газар хоёр дахь боомтын хэлэлцээрийг 70 жилийн дараа батлах гэж байна. Хятадын Хөгжил шинэтгэлийн хороон дээр боомтуудыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлсэн. Өнөөдөр энэ хэлэлцээрийг соёрхон баталснаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн Сэхээ боомтын төмөр замын хил холболтын асуудлыг ярьж эхэлнэ. Шивээхүрэн экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ. Шивээхүрэнгийн дараа Бичигт боомтыг холбоно. Тав дахь холбох боомт бол Ханги.
Л.Мөнхбаясгалан: Төмөр замын дайнг эцэслэх өдөр ирдэг юм байна. 2014 оны 8 сард Ц.Элбэгдорж удирдан, “Энержи ресурс” компани нэг нууц гэрээ байгуулсан. Тэр гэрээ өнөөдөр Монгол хэл дээр байхгүй. 10 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ очиж, хятад хэл дээр олж ирсэн. Тэр гэрээг ил болгомоор байна. Би шударга ёсыг нэхэмжилмээр байна. Тавантолгойг 100 жилээр өгөх гэж оролдсон. Хятадын компанийг олборлолтод оруулна, төмөр замыг нарийн царигаар барина гэж УИХ-ын тогтоолын эсрэг явж байсан. 10 жилийн дотор 80 гаруй хүн ажил амьдрал, нэр төрөөр хохирсон. Хариуцлага тооцохгүй юм уу. Тэр Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг авчрахгүй юм уу. Хуйвалдаан хийсэн нь өнөөдөр ил боллоо. 15 жил гэдэг ямар урт хугацаа билээ.
АҮЭБ-ийн сайд Ц.Туваан: Таны хэлсэн асуудлуудыг тусгасан. ЗГ хооронд гуравдагч талын зуучлал оролцуулахгүй. ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшил, лицензийг бусдад шилжүүлэхгүй. Тийм саналыг айлын талаас тавихгүй гэсэн заалттай. Олборлолт хийж, нүүрс худалдан авах гэрээ бол байгаа. Царигийн асуудал шийдэгдсэн. Өргөн нарийн царигийн алив маргаан дахиж үүсэхгүй гэж оруулж өгсөн. Мөн төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж, өнгөрсөн хугацааны алдагдлыг нэхэмжлэхгүй гэж оруулсан байгаа.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Хариуцлага олон янз байгаа. Энэ асуудал дээр Эрүүгийн хууль хариуцлага тооцох боломжгүй болчихоод байгаа. Гэхдээ монгол төрийн бодлого, ой санамж байх ёстой. Тиймээс Ухаа худагийн ордтой холбоотой асуудал дээр Засгийн газар ажлын хэсэг гаргаад хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд УИХ-д өргөн мэдүүлэх товоо хүлээж байна. Бүхэл бүтэн стратегийн ордтой холбоотой байгуулсан гэрээ төрд нь байдаггүй. Айлын талд асуудал ярихаар бидэнд байхгүй гэрээ гарч ирж байна. Энэ асуудлыг цэгцлээд явахгүй бол цаашдаа тасрахгүй.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.