Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” нэрийн дор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус бодлогын бичиг баримтад Батлан хамгаалах салбарт нийт 18 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгуулжээ.
Үүний нэг нь Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийн ажил бөгөөд эхний ээлжид 1,1 их наяд орчим төгрөгийн төсөл хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монгол улсын зэвсэгт хүчний сүүлийн 30 гаруй жилийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын ажил болж байна. Дэлхий нийт улсын төсвийнхөө 2 орчим хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бөгөөд геополитикийн эгзэгтэй энэ цаг мөчид энэ тоог 5 хувьд хүргэхээр ажиллаж байна. Харин манай орны хувьд улсын төсвийнхөө ердөө 0,7 хувийг Батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бөгөөд Монгол улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам энэ тоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа юм.