2025 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Улиастайгаас Яруу сум руу явах замын Хатавчийн давааны Хөндлөнгийн голын орчимд бэртсэн хун шувуу ижлээсээ хоцорч, тас шувууны дайралтад өртөх байсныг Мэдээлэл, холбоо сүлжээний Яруу салбарын ажилтан Баярмагнайн Санжжамц олж, аймгийн Байгаль орчны газар хүлээлгэн өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл мэргэжлийн хүмүүс тус хун шувууг цас орох үеэр Хаг нуураас буцаж байсан 80 гаруй хун сүргээс шархдаж үлдсэн хэмээн таамаглаж байгаа аж. Хөл, далавчний хэсэгтээ гэмтэл авсан байдалтай байсан тул тусламж үзүүлжээ. Энэ талаар Завхан аймгийн Байгаль орчны газрын ахлах мэргэжилтэнгээс тодруулахад, "Ховд аймгийн Дөргөн сумын Байгаль орчны газарт шувууг хүлээлгэн өгөхөөр өнөөдөр зөөвөрлөсөн. Тэнд холбогдох мэргэжилтэнгүүд эмчилгээ сувилгаа хийн, Хаг нуурт тавихаар төлөвлөж байгаа" гэлээ.