З.Энхболдыг Засгийн газраас албан ёсоор томилоогүй байтал "Тусгай үүрэгт элчин сайд"-ын статустайгаар Орост очиж хийн хоолойн асуудлаар албаны уулзалт хийжээ

З.Энхболдыг Засгийн газраас албан ёсоор томилоогүй байтал "Тусгай үүрэгт элчин сайд"-ын статустайгаар Орост очиж хийн хоолойн асуудлаар албаны уулзалт хийжээ

Цагаан сарын баярын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүстэй уулзаж, Засгийн газрын Тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах урилгыг тавьсан.

-ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД СЕРГЕЙ ЦИВИЛЕВТЭЙ МОСКВА ХОТОД УУЛЗАЖ, ГАЗРЫН ТОС, БАЙГАЛИЙН ХИЙ, НҮҮРС, ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР ЯРИЛЦЖЭЭ-

Тодруулбал,  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга  асан З.Энхболд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нараас гадна Сангийн сайд асан С.Баярцогт нарт урилга хүргүүлж хамтран ажиллах саналыг тавьсан гэдэг.

Тэд ямар ажил, асуудлыг хариуцах боломжтойгоо илэрхийлсэн бөгөөд С.Баярцогтоос эхлээд зарим нь хариу ирүүлээгүй учраас тэдний томилгоог Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэлгүй түр хойшлуулаад байгаа аж.

Тус албан тушаал нь Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төслүүдээс хариуцан Монгол Улсыг төлөөлж дотоодод болон олон улстай хэлцэл хийх, урагшлуулах үүрэгтэй, цалингүй ажил юм. Мөн гадаад улсад томилогдон ажиллахгүй. Дахин сануулахад одоогоор хэнийг ч Засгийн газрын хуралдаанд танилцуулж, эцсийн байдлаар тус албан тушаалд томилоогүй байна. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Хар хорум хотын асуудлыг хариуцан ажиллах саналыг илэрхийлсэн бол УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд Орос Хятадыг холбосон хийн хоолойн асуудлыг хариуцах хүсэлтээ илэрхийлж “Миний мэргэжилтэй ойр” зэргээр байр сууриа илэрхийлжээ.

Гэтэл З.Энхболд нь Засгийн газрын хуралдаанаар албан ёсоор томилогдоогүй байтал Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдын статустайгаар  ОХУ-ын нийслэл Москва хотод очиж, албаныхантай уулзалт хийсэн байна.

Тодруулбал, тэрбээр энэ сарын 21 /2025.03.21/-ний өдөр ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилевтэй Москва хотод уулзаж, газрын тос, байгалийн хий, нүүрс, цахилгаан эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцжээ. Тэрбээр энэ үеэр “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Союз Восток” хийн хоолой барих төслийг хүрээнд хийсэн ажлын талаар хүртэл ярилцсан байна. Хамгийн ноцтой нь Засгийн газраас албан ёсоор "тусгай үүрэгт элчин сайд"-аар томилоогүй байтал ОХУ-д гүйж очоод өөрийгөө Тусгай үүрэгт элчин сайд хэмээн танилцуулж, айлын талтай хийн хоолойн төслөөр яриа хийсэн З.Энхболд нь Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрийн айлчлалын багт багтан тус улсад очсон байх магадлалтай аж.

Москва хот дахь уулзалтын зураг

-З.ЭНХБОЛД ЕРӨНХИЙ САЙДАД САЙН ХҮН БОЛЖ ХАРАГДАХЫГ ХИЧЭЭВЧ "СИБИРИЙН ХҮЧ-2" ХИЙН ХООЛОЙ БАРИХЫГ БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН Л МЭДЭХ ЮМ-

Учир нь Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй тус яамныхан өнгөрсөн долоо хоногт ОХУ-д айлчилж Евроазийн эдийн засгийн холбоонд монголыг элслүүлэх төслийн үндсэн асуудлуудыг тохиролцсон юм. Ийнхүү З.Энхболд нь идэвх царайлж, Ерөнхий сайдад сайн хүн шиг харагдахаар хичээж буй ч эцсийн эцэстээ ОХУ-ын “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулж барих ажлыг БНХАУ-д дарга Ши Жиньпин л мэдэх асуудал болоод байгаа юм. 

Манай төрийн томчууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах бүрдээ Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төсөлд “ахиц гарлаа” гэж сурталчилдаг ч, үнэн хэрэгтээ ажил болсон зүйл байхгүй байгаа. Нөгөө талаар олон улсын байдал хурцадмал байгаа энэ үед Оросууд “шилний цаанаас чихэр долоолгож” Монголыг дэлхийн улс төрд хань татаад байна уу гэх хардлага ч төрж байгаа юм. Тэгвэл Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах, барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан хариуцаж байгаа. Тэрээр Украины дайн эхлэхийн өмнөхөн /2022.01.25/ ОХУ-ын “Газпром” компанитай хийн хоолойн ТЭЗҮ-г эцэслэсэн тухай “тэмдэглэл”-д гарын үсэг зурсан ч өнөөдрийг хүртэл ажил нь урагшлаагүй байгаа.

Сонирхуулахад,“Сибирийн хүч-2” хэмээх төсөл нь 50 тэрбум шоо метр хүртэлх хийг Оросын Арктик дахь Ямалийн хойгоос Монголын нутгаар дайруулан барьсан 6000 километр хоолойгоор Хятадын өмнөд нутагт нийлүүлэх төсөл юм.

“Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эсэхийг ОХУ биш БНХАУ шийдэх ба одоог хүртэл тус хий хоолой нь Хятадад хэрэгтэй эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тодруулбал, 60 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-1” хий хоолой 2019 онд ашиглалтад орсон ч, 2020 оноос эхлэн Хятад улс Оросоос авах хийн хэмжээгээ эрс багасгасан. Учир нь Хятад улс Оросоос хий авахгүй байсан ч байгалийн хийн хомстолд орохгүй. Тус улс нь өөрийн хийн олборлолт болон АНУ, Катар, Алжир, Казахстанаас их хэмжээний байгалийн хий авч байгаа юм. Нөгөө талаар “Сибирийн хүч-1” хий хоолой нь зөвхөн Хятадад ашигтай хийгдсэн бөгөөд тус хоолойгоос салбарлаад өөр улсад хий нийлүүлэх боломжгүй. Мөн Хятадууд Оросоос хий авахгүй гэвэл “Сибирийн хүч-1” хоолой төмрийн хог болох тул ОХУ өөрийн хийн үнээ ч тус улсад тулгах ямар ч боломжгүй байгаа гэдэг.

"ОХУ-ААС БАЙНГА НАЙР ТАВЬДАГ Ч ХЯТАД УЛС "СИБИРИЙН ХҮЧ-2" ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДОЛГҮЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛСЭЭР ИРСЭН-

Учир нь Оросын хийн хоолой нь Хятадын “гол эх үүсвэр биш бөгөөд зөвхөн ачаалал нэмэгдсэн үед ашиглах” зориулалттайгаар “Сибирийн хүч-1” хий хоолойг бариулсан гэж байгаа. Товчхондоо, “Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эсэхийг БНХАУ-ын эрэлт л шийднэ. Гэхдээ тэдэнд одоогоор ийм хэрэгцээ байхгүй байгаа ба “Сибирийн хүч-1” хийн хоолойг ч бүрэн ашиглахгүй байгаа юм.

Мөн В.Путин Хятадын дарга Ши Жиньпинийг “хайртай найз минь” хэмээн нэрлэж, “Бүс ба зам” төслийг амжилттай хэрэгжүүлсэнд Бээжинг сайшааж, хоёр орны харилцааг “агуу хэтийн төлөвтэй” хэмээн тунхагласан ч БНХАУ-ын эрх баригчид Оросын “Сибирийн хүч-2” байгалийн хийн нэмэлт нийлүүлэлт, цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зураагүй өнөөдрийг хүрсэн.

Тэр бүү хэл Монголын нутгаар дамжих Оросын "Сибирийн хүч-2" төслөөс Хятад улс татгалзаж, Туркменстаны “D шугам”-аас байгалийн хий авахаар болсон. Хэдийгээр Туркменстаны хий Оросын хийнээс 30 хувиар илүү үнэтэй, жил бүр Туркменстанаас 30 тэрбум шоо метр импортлох “D шугам” төсөлд Хятад улс ногоон гэрэл асаасан байна. Сонирхуулахад,2022 онд Хятад улс Туркменстанаас 35 тэрбум шоо метр хий импортолж, 10.3 тэрбум ам.доллар төлсөн бол 2019 онд эхлүүлсэн “Сибирийн хүч-1” хоолойноос Оросын нийлүүлэлт 16 тэрбум шоо метр байсан бөгөөд өртөг нь Туркменстанаас 2.5 дахин бага байжээ. Тэгэхээр ОХУ-ын  Монголоор дайруулж Хятад руу хийн хоолойн барихыг В.Путин ч биш З.Энхболд ч биш Ши Жиньпин  л шийднэ. шийднэ.