Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийгээд нүүрсний үнэ өсч, валютын нөөц нэмэгдчихдэг бол өдөр бүр тодотгол хийе

Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийгээд нүүрсний үнэ өсч, валютын нөөц нэмэгдчихдэг бол өдөр бүр тодотгол хийе

Засгийн газрын өнөөдрийн /2025.03.26/ хуралдаанаар экспортыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ээлжит тайланг хэлэлцжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж "Тус ажлын хэсгийг гуравдугаар сарын 13-нд байгуулсан. Энэ хугацаанд импорттой холбоотой мөн экспорт буурсантай холбоотойгоор валютын нөөц багасч сөрөг дарамтууд ирж байна. Үүнийг зөв оношлох, цаг алдалгүй зөв арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа. Өнгөрсөн долоо хоногт Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан сайд болон миний бие экспортын гол боомтууд болох Ханги, Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтод ажилласан. Тус гурван боомтын тухайд дүр зургууд харилцан адилгүй байна. Гашуунсухайт, Ханги боомтод хилийн наана ч, цаана ч овоолго үүссэн. Цаанаас татан авалтгүй учраас биржийн нэмэлт арилжаа явах боломжгүй болсон.  Нүүрсний үнэ унасантай холбогдуулж импортолж буй талууд нэлээдгүй алдагдалд орсон, дахиж биржийн арилжаанд орж нэмж авах боломжгүй болоод байна. Энэ бүхэн биднээс шалтгаалаагүй. Гэсэн хэдий ч бид Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганц модны боомт дээр хийх зүйл бишгүй байна. Ялангуяа тээврийн өртгийг буулгах шаардлагатай. Энэ хоёр боомтод төмөр зам хүрсэн мөн концессоор шинэ замууд тавигдсан. Эдгээр замуудыг яаралтай ажилд оруулах, нэгэнт тавигдсан төмөр замын суурь дэд бүтцийн өртгийг бууруулах, төмөр замаас гаргаж, буулгаж байгаа бүхий л өртгийг бууруулахад анхаарч, талуудтай уулзсан. 

Төмөр замын өртгийг өөрсдөөс нь шалтгаалан 50 хувь бууруулсан. Гашуунсухайт боомтын нөхцөл байдал мөн ялгааүй. Хилийн цаана 4.5 аас ихгүйгээр нөөцлөх ёстой ч энэ тоонд нэлээн тулсан. Шивээхүрэн боомтын хувьд нөхцөл байдал арай өөр байна. Тэнд 100 хувь хувийн хөрөнгө оруулалттай экспортыг хийдэг. Мөн бүтээн байгуулалт, нүүрсний экспорт зах зээлийнхээ жамаар харьцангуй амжилттай явагдаж байна. Энэ боомтоор 25 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөснийхөө 5 саяыг нэгдүгээр улиралд гаргахаар төлөвлөсөн байсан. Энэ 5 сая тонн-доо хараахан хүрээгүй ч дөхүүлж байгаа. Хувийн хэвшил үүрэг хүлээгээд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг нэлээн сайн хийсэн. Мөн наад талдаа өртөө боомтын цогц бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд байна. Энэ бүтээн байгуулалтын ажлыг яаралтай ашиглалтад оруулж тээвэрлэлтийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бий. Тэнд ажиллаж буй хувийн экспортлогч компаниудын төлөвлөж буйгаар боомт ашиглалтад орсноор 50 сая тонн нүүрс гаргах боломжтой болох юм байна. Одоо бол 25 сая тонн нүүрсийг экспортлож байгаа шүү дээ. "АМНАТ-ын хувь хэмжээ нэлээн цохилт болж худалдаалж буй экспортын өртгөөсөө даваад байна. Тиймээс өртөг багатай нүүрсэн дээр энэ татварыг эргэн хараач. Мөн бүтээн байгуулалтууд нэгэнт хийгдсэн байхад яаралтай ашиглаж эхлэмээр байна" гэдэг саналыг бидэнд тавьсан. Маргааш УИХ-аар Гашуунсухайт-Ганцмодны боомтын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг соёрхон баталж ажлыг эхлүүлбэл Шивээхүрэн-Сэхээ боомтын ажил ч дагаад сайжирна. Энэ хэлэлцээрийг соёрхон батласны дараа тус боомтын хил холболтыг үргэлжлүүлэн ярина. Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замыг холбох асуудал нь Гашуунсухайт-Ганцмодны боомтоос тэс өөр. Ердөө хоёрхон сарын ажил. Наана очоод харвал цаад талын холболт харагдаж байгаа. Үүнийг хоёр сард багтаан хийчихвэл 70 жилийн өмнө нээсэн Замын-Үүд-Эрээний боомтоос хойшхи хил холболтын хоёр дахь ажил болох юм. 

Экспортыг нэмэгдүүлэх эцсийн гол зорилго нь валютын нөөцийг нэмэгдүүлэх. Санхүүгийн зах зээлд гарч ирж байгаа боломжуудаа ашиглаж богино хугацаанд валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж байна. Энэ бүх нөөц боломжийг дайчилж ажиллана. Засгийн газрын өмнө нь гаргасан бондуудын 700-800 сая долларыг дотоодын санхүүгийн институц эзэмшдэг.

Үүнийг мөнгөжүүлж дотооддоо оруулж ирснээр валютын нөөц нэмэгдэх боломжтой. Хадгаламжийн даатгалын корпораци дээр байгаа 230 сая доллар, Төрийн банканд эзэмшиж буй 50 сая долларыг мөнгөжүүлж дотооддоо валютын нөөцид шилжүүлж авах шийдвэрийг гаргалаа.

Монголбанк энэ жил 18 тонн алтыг авна. Энэ нь одоогийн ханшаар 1.8 тэрбум ам доллар. Үүнийгээ урьдчилж авах боломж бий. Хоёр долоо хоногийн дотор 300 гаруй сая долларыг урьдчилж оруулж ирснээр нэг сарын дотор валютын нөөцийг 530 сая доллараар нэмэгдүүлнэ. Сүүлийн жилүүдэд бид бүх бондын төлбөрөө төлөхийг нь төлж, хойшлуулахыг нь хойшлуулж чадсан. Тухайлбал, 2025, 2026 онд төлөх бондын төлбөрийг урьдчилж төлсөн. Дээрээс нь 2011, 2012 онд хүрч байсан зээлжих зэрэглэлийн дээд хэмжээнд өнгөрсөн намар хүрсэн. Энэ хэрээр гадаад зах бидэнд итгэл хүлээлгэсэн.

Манай экспортыг  хариуцаж буй Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр компаниуд нийлээд 500 сая долларын нэмэлт экспорт хийх байсныг Засгийн газраас үүрэг өгөөд нэг тэрбум доллар хүртэл нэмэгдүүлэхээр боллоо.

Манай томоохон аж, ахуй нэгжүүд шинэ бүтээн байгуулалт, импорттой холбоотой ажлуудаа мөн хойшлуулна. Зэс, төмрийн хүдэр, жоншны арилжаа явагдаж эхэлсэн. Төсөвт тодотгол хийгээд нүүрсний үнэ өсч, валютын нөөц нэмэгдчихдэг бол өдөр болгон төсөвт тодотгол хийнэ. Тодотгол хийхээс өмнө Засгийн газар бүх нөөц боломжоо дайчилж үр дүнгээ харах хэрэгтэй. Төсвийн ерөнхий суурь хуулийн 34.1-т ямар тохиолдолд төсөвт тодотгол хийх саналыг Засгийн газраас УИХ-д оруулна талаар заагаад өгсөн. Мөн хуулийн 34.1.3-т хэрвээ орлого тасарч алдагдал үүсвэл тодотгол үүсэх шалтгаан болно гэж бичсэн. Одоогийн байдлаар төсвийн эхний гүйцэтгэл 95 хувьтай байна. Тиймээс эхлээд Засгийн газар бүх нөөц боломжоо дайчилж ажиллана үүний дараа үр дүнгээ харъя гэж байгаа юм" гэлээ. 

 

ВИДЕО: 




Өнөөдөр тахиа өдөр

9 цагийн өмнө