Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2025.03.26/ гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
ВИДЕО:
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр ярихдаа “Өнөөдөр бид Төрийн бүтээмжийн зөвлөлтэй ярилцаад боловсролын удирдлага, менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллага бий. Тодруулбал Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны хүрээлэн гэсэн газрууд байгаа. Эдгээр яам, тамгын газруудын нийт ажилчдын тоо 361 хүн байна. Засгийн газрын 22 дугаар тогтоолд заасан аргачлалын дагуу эдгээр албан тушаалуудад чиг үүргийн шинжилгээ хийж үзсэн. Нийтдээ 81 чиг үүрэг давхцаж, 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай нь харагдлаа. Нийтдээ 30 албан тушаалтан буюу 361 хүний найман хувийг цомхотгох боломж байна. Үүнийг мөнгөн дүнгээр нь харвал жилдээ 900 орчим сая төгрөгийн цалингийн зардлын хэмнэлт үүсгэж болохоор байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүнийгээ Засгийн газарт танилцууллаа.
Манай салбарыг харах юм бол өнөөдөр жижигдүү толгойтой, нэг их том гэдэстэй, хөл нь их чөргөр болчихсон нөхцөл байдалтай байна. Ийм учраас дээр дурдсан 73 албан тушаалын зарим хэсгийг орон нутаг руу шилжүүлж, тэнд байгаа ачааллыг багасгана. Нөгөө талаар судалгаа хийдэг байгууллагуудыг дэмжинэ” гэв.