УИХ-ын гишүүн Б.Жаргалан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа аж.
ВИДЕО:
-ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАН ОЙ, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ, АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫГ НААДАМТАЙ ХАМТАТГАН ТЭМДЭГЛЭХ ХУУЛИЙГ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
Тодруулбал, тус хуулийн 5.10 дахь заалтад "Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ" гэж заасан байдаг.
Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалан тус заалтыг "Тулгар төр байгуулагдсан ой, Их Монгол Улс байгуулагдсан ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ" гэж өөрчлөхөөр хуулийн төсөл боловсруулаад байгаа аж.
Тулгар төр байгуулагдсан ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардчилсан хувьсгалыг ойг наадамтай хамтатган тэмдэглэх, нээлтийн үгэнд дурдах санаачилгыг өмнө нь хэд, хэдэн улс төрч удаа дараа гаргаж байсан. Тухайлбал, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Ардчилсан хувьсгалын ойг наадмын нээлтийн үгэнд багтаах, дурдах агуулгаар зарлиг гаргаж байжээ. Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга тус үгийг наадмын нээлтийн үеэр хэлж байсан байна. Үүнээс хойш Ардчилсан хувьсгалын ойг наадамтай хамтатган тэмдэглээгүй аж. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Батбаатар зэрэг гишүүд "Ардчилсан хувьсгалын ой" гэж наадмын нээлтийн үгэндээ цохож хэлэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч байжээ. Харин энэ удаа УИХ-ын гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуульд тус агуулгыг тусгаж өгөхөөр ажиллаж байгаа нь энэ аж.
-Б.ЖАРГАЛАН: МОНГОЛ УЛС МАШ ОЛОН СААД БЭРХШЭЭЛ, ХҮНД ЗАМЫГ ТУУЛЖ БАЙЖ АРДЧИЛАЛ, ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ БАТАЛГААЖУУЛСНЫГ САНАЖ, СЭРЭХ ЁСТОЙ-
Тэрбээр энэ талаар " Үндэсний их баяр наадам нь монголчууд бидний үндэсний ухамсарыг сэрээж эв нэгдлийг хангадаг, тусгаар тогтнолоо магтан дуулдаг түүгээр бахархдаг баяр юм. Тиймээс энэ баяраар монголчуудын үүх, түүхийг бүтнээр харуулж, сэргээн сануулах учиртай. Зөвхөн Ардчилсан хувьсгал биш Тулгар төр байгуулагдсаны ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал гэсэн гурван үгийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулъя гэж байгаа юм. Тулгар төр байгуулагдсан ой буюу Хүннү гүрний үеийн ойг дурдахаас гадна Монгол Улсын нэн шинэ үеийн хоёр том чухал үйл явдал болох 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын ойг наадамтай хамтатган тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа.Баяр наадмаараа энэ бүхнийг бүгдийг сэрэн санаж, дурсах хэрэгтэй. Сүүлийн үед монголчууд хоорондоо дайсангаж, хэдэн тал болж үзэлцэж байна. Бид үндэсний бахархлаа сэргээж, өнгөрсөн хугацаанд болсон бахархалт үйл явдал дээрээ санал нэгдэж байж илүү эв найрамдалтай, нэг зүгт харж ажиллаж амьдарна. Бидний эцсийн зорилго юу юм бэ. Бүгд сайхан амьдармаар байна. Энэ бүхэнд үзэл санаа маш чухал юм байна.Энэ утгаараа уг төслийг санаачлаад явж байна. Манай бүлгийн гишүүд маш олон санаачлагыг дэвшүүлж, дэмжиж байгаа. Ардчилсан нам ардчилсан хувьсгалаа наадамтай хамтатган дурсах гэж байна ойлгож болохгүй. Тэр бол жижиг улс төр. Монголын хүн амын дийлэнх олонх нь ардчилсан нийгэмд төрж, өсч, хүмүүжиж байна. Монгол Улс маш олон хүнд замыг туулж, саад бэрхшээлийг давж байж ардчиллын эрх, эрх чөлөөг баталгаажуулсан юм шүү. Тиймээс энэ цаг мөчид бидний сонгосон ардчиллыг авчирсан, эрх, эрх чөлөөг иргэдэд өгсөн энэ хувьсгалыг санаж, сэрэх ёстой. Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг бүдгэрүүлэх нь ардчиллын үнэ цэнийг бүдгэрүүлнэ гэсэн үг. Тиймээс гишүүд дэмжих байхаа" гэсэн юм.
-АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ЦОХОН ТЭМДЭГЛЭЖ, ТҮГЭЭХ ДЭЛГЭРҮҮЛЭХ ЁСТОЙ-
Цаашлаад Монгол Улсын түүхэн хөгжил, төрт ёсны нэгэн шинэ үе 1990 оны Ардчилсан хувьсгалаар эхэлсэн төдийгүй 1992 онд батлагдсан 4 дүгээр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан сонгох, сонгогдох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, гадаадад явах, оршин суух зэрэг 18 үндсэн эрх, эрх чөлөөг Монгол хүн баталгаатай эдлэх болсон нь түүхэн тэмдэглэлт үйл явдал мөн.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "Үндэсний их баяр наадам" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баяр" гэж заасан "төрт ёс" гэдэгт ардчилсан хувьсгал зүй ёсоор багтана. Гэтэл Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.10 дахь заалтад "Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ" гэж заасан нь ардчилсан хувьсгалын анхны үзэл санаа, үнэт зүйлийг бүдгэрүүлж байгаа төдийгүй парламентын засаглалтай манай улсад туйлын харамсалтай үг дагаврыг бий болгох аюултай. Иймээс шинэ төрт ёсны түүхэн он цаг болох "Ардчилсан хувьсгалын ой"-г цохон тэмдэглэж ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай гэж үзэх хүмүүс байдаг билээ