УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 оны хугацаад Хөгжлийн Банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долдугаар сард түүний энэ үйлдэлд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон. Улсын дээд шүүхээс Д.Цогтбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улсын дээд шүүх ийнхүү шийдвэрлэснээр Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах нөхцөл бүрдэж буй. Үндсэн хуулийн 29.3-т Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна, УИХ-ын тухай хуулийн 9.1.5-т "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно гэж заасан.
Шүүхийн шийдвэр хэдийн гарч, хэргийн холбогдогч шүүхийн тогтоолыг гардан авсан ч өнөөг хэр УИХ энэ асуудлыг шийдэж чадаагүй байна. Харин Д.Цогтбаатар гишүүн уг асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Би Хөгжлийн Банканд тухайн буруутгагдаад байгаа албан тушаалд нэг жил гаруй ажилласан. Иргэн Даваагийн Цогтбаатар, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар аль нь Үндсэн хууль зөрчөөгүй. Хөгжлийн Банкны гэдэг хэрэгтэй холбогдуулаад ярихад, миний дээд талын албан тушаалтан Янгугийн Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн нар ямар ч хариуцлага хүлээгээгүй. Мөн О.Батбаатар гэдэг хүн цагаадсан. Миний дээр байсан албан тушаалтнуудад нөхцөл байдал өөрөөр үйлчилсэн. Тиймээс Улсын Дээд Шүүхээс гарсан бичгийг очиж аваад шүүхэд гомдол гаргахаар бэлдэж байгаа. Түүнээс биш шүүхийн тогтоолыг очиж авснаар надад холбогдох хэргийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Үндсэн хуульд улсын их хурлын гишүүн гэж хэн бэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн байгаа. УИХ-ын гишүүг эгүүлэн татах асуудлыг ч зааж өгсөн. Үндсэн хуулийг Үндсэн Хуулийн Цэц л тайлбарлана. Бусад хуулийг УДШ тайлбарлана. Түүнээс биш дуртай нэг хуульч, сэтгүүлч хуулийг өөртөө ашигтай байдлаар тайлбарлах эрхгүй” гэсэн юм.
Түүний эл байр суурьтай холбоотойгоор Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөнөөс тодруулга, мэдээлэл авлаа. Тэрбээр " Би 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирлаар ажилласан. Харин Д.Цогтбаатарын хувьд надтай хамтарч ажиллаагүй мөн хамт шалгагдаагүй. Намайг 2018 оны нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсний дараагаас хэлтсийн захирлаар ажиллаж эхэлсэн юм билээ. Түүнээс өмнө миний удирдлага, харьяанд бол одоогийн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гэдэг хүн огт ажиллаж байгаагүй. Тэгэхээр өчигдөр хэвлэлд өгсөн мэдээлэл бол худал мэдээлэл. Тамгын газарт аж ахуй хариуцсан мэргэжилтнээр Д.Цогтбаатар ажиллаж байсан болов уу гэж санаж байна. Түүнээс бол Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын даргын албанд ажиллаж байхад миний удирдлагад тухайн хүн ажиллаж байгаагүй.
Тухайн хүний холбогдсон хэрэг нь миний ажиллаж байсан хугацаанд хамаарах, холбоотой асуудал огт биш.
Миний тухайд 2-3 жил шалгуулсан. Мөн Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хорооны хуралд оролцож баримтаар бүх асуудлаа тайлбарласан" гэсэн юм.