Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагынхаа үеэр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, хувь эзэмшил тогтоох талаар зарим асуултад хариулт өгчээ.
-Сүүлийн үед өрнөөд байгаа нэг сэдвээр ярилцлагаа үргэлжлүүлмээр байна. Засгийн газар үндэсний томоохон нэг компанитайгаа үзэлцээд байна гэж хүмүүс харж байна. Нөгөө талаас Ухаа худаг Ж.Оджаргал нарын хүмүүст очихдоо анхнаасаа хуудуутай очжээ гэдэг мэдээлэл бас явж байна. Чухам ямар замаар яаж тэдэнд олгосон талаар цэгцтэй мэдээллийг өгнө үү?
-Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал гэдгийг хариултын эхэнд тодотгоё. Тавантолгойн ордод 1940 оноос эхлэн хайгуул хийж эхэлсэн юм билээ. Улсын төсвөөс 1977-1993 онд, тухайлбал, 1978,1979, 1982, 1986, 1989-1993 онуудад тус хайгуулд зориулж санхүүжилт гаргасан байдаг.
Улсын төсвөөс хайгуул хийгдсэн стратегийн ийм том ордын хувь хэмжээг тогтоосон эрхзүйн актуудад дүн шинжилгээ хийх нь аль ч улсын Засгийн газар, УИХ-д байх л ёстой хэм хэмжээ. Ашигт малтмалын даргаар ажиллаж байсан нөхөр ийм хэмжээний ордын лицензийг өөр дээрээ авах эрхтэй байсан уу? Засгийн газар тогтоол биш тэмдэглэлээр эрх шилжүүлэх нь эрхзүйн акт мөн үү?
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, хувь эзэмшил тогтоох нь УИХ-ын эрх хэмжээний асуудал байдаг. Тэгвэл УИХ-аар хэлэлцсэн эсэх зэрэг асуудлуудыг тодруулж, нэг талдаа УИХ-аас чиглэл авах шаардлага гарсан, нөгөө талдаа иргэдийн мэдэх эрхийг хангаж нэгдмэл ойлголтод хүрэх нь зөв гэж үзсэн.
Ер нь уул уурхайн томоохон хэмжээний хэлцлүүд дээр ийм асуудлууд гарсан нь хардалт их дагуулдаг. Дубайн гэрээг Засгийн газраар хэлэлцүүлээгүй, Ерөнхий сайд захирамж гаргасан нь асуудал дагуулсан. Эрдэнэтийн 49 хувийг ч мөн адил УИХ-аар оруулаагүй шийдвэрлэсэн нь асуудал болсон.
Түүнээс Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм. Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд баримтуудаа гаргаад ил тод ажлын хэсэгтэйгээ хамтраад ажиллаад явах нь л зөв. Ажлын хэсэг аль нэг талыг барихгүй, хуульд нийцсэн шийдвэрийг УИХ-тай хамтран гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Стратегийн орд гэж яригддаг байсан бусад газрууд дээр энэ асуудлыг нягтлах уу. Бас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргачихсан шүү дээ. Нөгөө талд 34 хувийн асуудал баялгийн сангаар дамжуулаад иргэдийн халаасанд ороод ирэхээр хүмүүс ч асуудалд илүү анхаарч байх шиг?
-Тийм ээ, хөрөнгө оруулагчдаа ойлгож байна. Засгийн газар энэ талаар сайн анхаарч байгаа. Тоон үзүүлэлтүүд, том төслүүд ч энэ бодлогын үр дүн. Гэхдээ УИХ, Засгийн газрын хурлаар хэлэлцэхгүйгээр олон улсад ордоо зарчихсаныг ярилцахгүй өнгөрөх улс гэж байхгүй л дээ. Дахин хэлэхэд дэлхийн аль ч улсад ийм хэмжээний хэлцлийг парламент нь нягтлах нь эрхзүйт төрийн хэвийн хэм хэмжээ.
Байгалийн баялгийг хэн ч бүтээж бий болгоогүй. Энэ газар нутгийн маань хөрсөнд байгаа баялаг. Баялагтаа эзэн байх нь ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл. Судалгаагаар байнга 70 хувиас дээш анхаарлын төвд байдаг сэдэв. За, дундын баялгаа ашиглуулдаг юм байж, ядаж иргэдийн сонгож, өөрсдийгөө төлөөлж гаргасан УИХ-аар ил тод хэлэлцчих ээ. Манай улсад, миний амьдрах орчинд, надад, миний үр хүүхдэд яг ямар өгөөжтэй байх юм бэ гэж тэд асууж байгаа нь зүй ёсны л асуулт.
Мэдээж, нөгөө талдаа энэ баялгийг хөрөнгө оруулж байж ашиглах нь ойлгомжтой. Тиймээс бизнесийн хувьд тухайн төсөл ашигтай байх ёстой. Аль ч аж ахуйн нэгж ашгийн төлөө байх нь ойлгомжтой. Энэ хоёр ойлголтын эв нэгдлийн цэг бол Баялгийн сан юм л даа. Олон улсад одоогоор олдсон сайн туршлага энэ болохоос санаанаасаа зохиочихоод байгаа зүйл огт биш.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялагтаа Эзэн Монгол” гэдэг үндсэн концепц дэвшүүлж сонгуульд сонгогдсон. Хувь хүнийх нь философи ч энэ үзэл санаа байдаг. Засгийн газрыг энэ тал дээр шахаж бас дэмжиж байгаа. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн намууд нэгдэж, Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барьж, УИХ-аар батлуулсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газарт ажиллаж байхдаа энэ хууль дээр өөрөө ажилласан ажлын хэсгийн ахлагч.
Тиймээс ч Үндэсний баялгийн сангийн асуудлыг өргөн агуулгаар харах нь зүйтэй. Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойд үүссэн өр, Тавантолгой тойрсон асуудалд Засгийн газар анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Цэгцэрч байгаа учраас ч Үндэсний баялгийн сан бүрдэж эхэлж байна. Таны дурдсанаар, Баялгийн сангийн хуулиар стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн хуримтлал болсон. Иргэд E-Mongolia дээр өөрийн нэрийн хуримтлалын дансанд аль, аль стратегийн ордоос хуримтлал үүсч байгааг харах боломжтой болсон. Энэ нь ирээдүйн уул уурхайн олон том төслийг иргэд ойлгон дэмждэг байх шууд харилцаа юм. Тэрнээс төр авна гээд байгаа агуулга огт биш.
Оюутолгойн 34 хувь 2.3 тэрбум ам.долларын өртэй байсан учраас энэ хуулийг баталж чадахгүй байсан. Эрдэнэт дээр 49 хувь ч маргаантай байсан. Тавантолгой тойрсон асуудал ч нэлээд л зүйл болсон. Энэ олон маргаантай асуудлын цаана Үндэсний Баялгийн сангийн хууль батлагдах суурь нөхцөлийг бүрдүүлэх л үндсэн зорилго байсан юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дараа Монгол Францын Ураны хөрөнгө оруулалтын гэрээ батлагдлаа. 34 хувийг АМНАТ-өөр орлуулах хэлцэл хийгдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь олон давуу талыг үүсгэж байгааг тэмдэглэж байсан.
Харин цаашид АМНАТ буюу роялтиг Баялаг ашигласны төлбөр гэж сонгодог агуулгаар нь хэрэглэх нь зөв гэж үзэж байгаа. 2030 оноос цааш баялаг ашигласны төлбөрийг ирээдүйгээс гадна хуримтлал ба хөгжлийн асуудалд зарцуулахаар төлөвлөж байна.
Дэлхийн улс орнуудад Баялгийн сан анх байгуулагдахад олон асуудал гарч байсныг түүх нотолдог. Манайд ч тодорхой доргилт өгнө. Гэхдээ төр доргилт бүрд цочоод байж болохгүй. Засгийн газар УИХ-аар батлагдсан хуулийг л хэрэгжүүлж байна. Хууль тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчимтай.
-“MCS” компанийн хууль хамгаалалтын газар төрөөс давсан гүйцэтгэх ажиллагаа хийсэн гэсэн мэдээлэл явсан. Ерөнхий сайд тагнуул хүчнийхний мэдээллийг хамгийн түрүүнд авдаг. Гэхдээ бас арай ч төрөөс давсан гүйцэтгэх ажиллагаа явуулчихна гэж бодохгүй л байна. Дотоодын цэргийн дарга Р.Чингисийг чөлөөлсөн асуудал үүнтэй холбоотой байсан уу. Танд яг ямар мэдээлэл ирснийг хэлж болох уу?
-Таны асуусан асуудал шалгагдаж байгаа. Зөвхөн нэг байгууллага ч биш ийм асуудлууд хэд хэд гарсан. Прокурорын зөвшөөрөлгүй хэн ч хуулиас давж, иргэдийн хувийн мэдээлэлд халдах, тусгай төхөөрөмж ашиглан гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй. Тиймээс цэгцлэх нь зүйтэй. Ийм байдал хэтэрвэл цаашид бие даасан цагдаа, армитай болох хүртлээ өргөжиж, эрх зүйт төрийн хэм хэмжээг давдаг муу жишээ олон бий. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан дарга нар хувийн компанид ажиллах нь хувь хүний сонголт боловч цаашид анхаарах л ёстой асуудал. Төр тэднийг анхаараагүй орхичихдог нь бас алдаа гэж боддог.
-Гэхдээ улс орон үндэсний томоохон компаниуддаа чирэгдэж хөгждөг гэж бүгд л ярьдаг. “MCS” бол томоохон татвар төлөгч, сайн ажил олгогч, шинэлэг инновац хөгжүүлж ирсэн байгууллага. Баялаг бүтээгчдээ төр нь ингээд байхаар яах юм бэ?
-Засгийн газрын байр суурь тодорхой. Хувийн хэвшлээ дэмжинэ, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулна. Төсвийн орон зайг хувийн хэвшилд шилжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгоход чиглүүлнэ.
Энэ тал дээр эдийн засгийн хөгжлийн зөвлөл байгуулагдан идэвхтэй ажиллаж байна. Саяхан бид эдийн засгийн хөгжлийн зөвлөл дээр хөрөнгө оруулалт, бизнесийн орчны үнэлгээ, татвар, нийгмийн даатгалын эрхзүйн орчны талаар ярилцсан. Том төслүүд хөдөлж байгаа нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх суурь боломжийг бүрдүүлж байгаа сайн талтай. “MCS” гэдэг компанитай санал зөрөөд байгаа зүйл юу ч байхгүй. Ганцхан стратегийн орд тойрсон асуудал л байна. УИХ-аар маргаантай асуудлуудыг оруулаад цаг алдалгүй шийдэл гаргах нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь юм.
Бүхэлдээ хувийн хэвшилд жам ёсны бизнесийн эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, хууль тэгш үйлчилдэг эрхзүйн орчин хэрэгтэй. Тэрнээс нэг хэсэг нь хуулиас дээгүүр, нөгөө хэсэг нь төрийн хүнд суртлын дор. Зарим нь төрөөс илүү мэдээлэлтэй, нөгөө хэсэг нь хүсээд ч мэдээлэл авч чадахгүй бол жам ёсны бизнесийн эрүүл өрсөлдөөн үүсэхгүй шүү дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин