Г.Нарантуяа: Б.Баярбаатарыг хэний гомдлоор шалгаж, 30 хоногийн шийтгэл оногдуулав гэдэгт ХЭҮК дүгнэлт гаргана /ВИДЕО/

Г.Нарантуяа: Б.Баярбаатарыг хэний гомдлоор шалгаж, 30 хоногийн шийтгэл оногдуулав гэдэгт ХЭҮК дүгнэлт гаргана /ВИДЕО/

Сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг цагдан хорих, эрүүгийн хариуцлага оногдуулах явдал цөөнгүй гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд цахим орчинд “Бурханы хүү Баярбаатар” нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Б.Баярбаатарыг өнгөрсөн баасан гарагт буюу нэгдүгээр сарын 10-ны өдрөөс 30 хоног баривчилсан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Улмаар уг асуудалд улс төрийн нам, эвсэлүүд анхаарал хандуулж, түүнийг баривчлах шийтгэл оногдуулсан шүүгчийн захирамжийг түр түдгэлзүүлээд байгаа юм.

Тэгвэл уг асуудлаар болон Төв талбай дээр үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн эрхийг хангахад Хүний эрхийн үндэсний комисс хэрхэн ажиллаж байгаа талаар ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяатай ярилцлаа. 

ВИДЕО: 

-Иргэн Б.Баярбаатарыг цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсний төлөө 30 хоног баривчилсан нь олны дургүйцлийг төрүүлээд байна. Уг асуудалд хүний эрх зөрчигдсөн зүйл байгаа болов уу. ХЭҮК уг асуудалд анхаарал хандуулж байгаа юу?

-Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эрхийг хязгаарласантай холбоотойгоор асуудал нь ХЭҮК-ын анхааралд байдаг асуудал. Тийм ч учраас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Баярбаатарыг үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотойгоор зөрчлийн шийтгэл оногдуулж, баривчилсан тухай мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд гарсан. ХЭҮК-ын гомдол шийдвэрлэх Гомдол хяналт шалгалтын хэлтсээс энэ асуудалд анхаарал хандуулж, нөхцөл байдлыг талаарх мэдээллийг комиссын гишүүдэд өгсөн. Харин өчигдөр баривчлагдсан иргэний гэр бүлийн хүн ХЭҮК-т албан ёсоор гомдол гаргасан. Энэхүү мэдээллийн дагуу ХЭҮК гомдол мэдээллийг шалгах ажиллагааг хийж эхлээд байна. Энэ хүрээнд энэ сарын 13-ны өдрийн үдээс хойно баривчлах байранд очиж, иргэн Б.Баярбаатартай уулзаж, тайлбар авч, хувийн хэрэгтэй нь танилцах ажиллагааг хийсэн. Баривчлах байран дээр хийсэн ажиллагааны дүгнэлтээс үзэхэд шүүхийн шийтгэх тогтоол албан ёсоор ирээгүй байсан. Тиймээс шүүхийн шийтгэх тогтоолыг шүүхээс гаргуулж авах, мөн энэ хэрэг дээр ажилласан цагдаагийн алба хаагчаас тайлбар авсны дараа нөхцөл байдал юу болсон, энэ нь хүний эрхийн зөрчил үү гэдэг дээр ХЭҮК дүгнэлт гаргах боломжтой болно. 

-Иргэн Б.Баярбаатарын хувьд өөрийг нь баривчилсан асуудал нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хэлээд байгаа. Үүнд ХЭҮК ажиллах боломжтой биз дээ? 

-Эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг тусдаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Б.Баярбаатарт Зөрчлийн хуулийн дагуу зөрчлийн шийтгэл оногдуулсан. Түүнээс эрүүгийн хэргээр цагдан хорьсон асуудал биш юм. Гэхдээ үүнд анхаарал татсан хэд хэдэн асуудал байгаа.

  • Нэгдүгээрт, Б.Баярбаатар гэдэг хүнийг хэний гомдлоор, хэнд ямар хэмжээний хохирол учруулаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн бэ,
  • Хоёрдугаарт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхлэхдээ зөрчил үйлдсэн этгээдэд эрхээ хамгаалах шударга боломж олгосон уу, өмгөөлөгчтэй байсан уу, эрхийг нь танилцуулсан уу, ямар байдлаар нотлох баримтыг цуглуулсан бэ гэдэг нь анхаарал татаж байгаа. 

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа

Нөгөөтээгүүр, ХЭҮК удаа дараа анхаарал хандуулж ирсэн зөрчлийн баривчлах шийтгэл дээр давж заалдах боломжоор хангахгүй байгаа нь процесс ажиллагааны явцад гарч байгаа хүний эрхийн ноцтой зөрчил юм. Энэ асуудлыг бид сүүлийн гурван жил анхааруулж байгаа. Гэтэл энэ удаад ч энэ зөрчил ажиглагдлаа. ХЭҮК-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2-т комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг маргааныг авч хэлэлцэхгүй гэсэн хориглосон заалт байдаг. Учир нь ХЭҮК хэрэг маргааны үндсэн асуудлаар дүгнэлт гаргахгүй, харин процесс ажиллагааны явцад дээрх төрлийн хэргүүдийг мөрдөн шалгах явцад гарсан Үндсэн хууль, Олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө ноцтойгоор зөрчсөн тохиолдолд комисс үүнд дүгнэлт гаргах бүрэн эрхтэй гэж тайлбарладаг. Тиймээс ч энэ хүрээнд ажиллаж байна. 

Ямар нөхцөл байдал үүсээд, ямар гэм хор учраад, ямар хэмжээний шийтгэл оногдуулав, энэ нь тохирсон уу гэдэг дээр давж заалдах шатны шүүх эцэслэх учиртай. Энэ ч утгаараа иргэн Б.Баярбаатар давж заалдах гомдлоо өгсөн, улс төрийн намуудаас өмгөөлөгчөөр хангаж байгаа гэдгээ комиссын гишүүд баривчлах байран дээр ажиллах үеэр хэлсэн байна лээ. 

-Иргэд цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэхдээ зохисгүй үг хэллэг хэрэглэх тохиолдол гардаг. Гэтэл яагаад чухам нэг хүнийг онцлоод Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулав гэдэг нь л олны эргэлзээг төрүүлээд байх шиг байна?

-Үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн сүлжээнд бусдыг харааж, зүй зохисгүй үйлдэл хэлж байгаа тохиолдол цөөнгүй байдаг. Гэтэл яагаад зөвхөн энэ тохиолдол дээр онцолж, энэ шийдвэр гарсан бэ гэдэг дээр олон нийт эргэлзэж, шүүмжлэлтэй хандаж, асуулга тавьж байна. Мэдээж энэ нь ардчилсан улсад яригдах минологи. Гэхдээ ямар хүн гомдол гаргаад, ямар хор уршиг учирсан болоод ийм арга хэмжээ авсан бэ гэдэг дээр шүүх эцсийн шийдвэрийг гаргана. Зөрчлийн тухай хуульд зааснаар 30 хоног баривчлах шийтгэл нь тухайн үйлдэлд хамгийн хүнд шийтгэл байгаа. Тэгэхээр ХЭҮК зөрчлийн хэргийн материалтай танилцаад эрх бүхий байгууллагууд тайлбараа хэлсний дараа процесс талаасаа ХЭҮК-ын бүрэн эрхэд хамаарах асуудлаар хүний эрхийн зөрчил гарсан уу гэдэг дээр комисс эцсийн дүгнэлтээ ойрын хугацаанд танилцуулна.   

-Комиссоос энэ кэйс дээр хүний эрхийн зөрчил байна гэсэн дүгнэлт гаргавал процесс нь цааш хэрхэн үргэлжлэх бол?

-ХЭҮК энэ асуудал дээр "хүний эрхийн зөрчил гарсан байна" гэж үзсэн тохиолдолд ХЭҮК-ийн гишүүний шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ. Цаашлаад сахилгын болоод бусад хариуцлага оногдуулах хүртэл асуудлыг тавих боломжтой. 

-ИРГЭН Б.ЦАЦРАЛ ЖАГСААЛЫН ҮЕЭР БИЕД НЬ ХАЛДСАН АСУУДЛААР ХЭҮК-Т ГОМДОЛ ГАРГААГҮЙ-

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа

-Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх асуудлыг хөндөж байгаагийнх Төв талбай дээр үзэл бодлоо илэрхийлж, жагсаж байгаа иргэдийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаарх мэдээлэл ч цахим сүлжээнд гарч байна. Тэгвэл ХЭҮК энэ асуудалд анхаарал хандуулж ажиллаж байна уу?

-Энэ бол яах аргагүй ХЭҮК-ын анхаарал хандуулах учиртай асуудал мөн. Засгийн газрыг огцруулах жагсаалыг Эрх чөлөөний эвсэл намаас зохион байгуулах тухайгаа цахим сүлжээгээр дамжуулан нэлээд хэд хоногийн өмнөөс мэдээлсэн. Иргэд ч уг жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс ХЭҮК-ийн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг удирдамжийн дагуу уг жагсаалд байнгын ажиглалт, мониторинг хийж ажиллаж байна. Ардчилсан улсад үзэл бодлоо илэрхийлж, тайван байдлаар хуран чуулна гэдэг нь байх л ёстой үзэгдэл. Үүнд цочирдоод бүх байгууллагууд хамаг ажлаа хаяад хяналт тавиад байх тухай асуудал биш.

Жагсагчид болон цагдаагийн алба хаагчид үл ойлголцол үүсэх, жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүсээс гадна үйл явцын өрнөл зохион байгуулж байгаа хүмүүс үр дагаврыг нь тааварлаж боломжгүй нөхцөл байдал үүсэх тохиолдол байдаг. Учир нь жагсаал цуглаанд янз янзын сонирхлыг бүлгийн хүмүүс үзэл бодлоо илэрхийлж, хамт цугладаг, нэг тавьж байгаа шаардлагыг нь эсэргүүцэж, шаардлага тавих тохиолдол байдаг. Үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийг хамгаалах, нийгмийн хэв журмыг хамгаалах нь цагдаагийн байгууллагын үүрэг. Харин цагдаагийн байгууллага үүн дээр зохих ёсоор ажиллаж чадсан уу гэдэг дээр ХЭҮК тогтолцооны хяналт тавьж ажилладаг. Түүнээс комисс шууд иргэдийн дунд үүссэн маргаан ч гэдэг юм уу, иргэн, цагдаагийн алба хаагчийн хооронд үүссэн маргааныг шууд зохицуулах үүрэг хүлээхгүй. Харин үүнд хүний эрхийн зөрчил гарсан уу гэдэг дээр дүгнэлт хийхийн тулд баримтаа бүрдүүлэхийн тулд ХЭҮК жагсаал цуглаан эхэлсэн өдрөөс эхлэн хяналтаа тавьж ажиллаж байгаа. Одоо ч комиссын ажлын хэсэг Төв талбай дээр хяналтаа тавьж ажиллаж байна.

-Засгийн газар огцор жагсаалын үеэр Эрх чөлөөний эвсэл намын Б.Цацралын биед халдсан талаарх бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. ХЭҮК-т энэ талаарх мэдээлэл, гомдол ирсэн болов уу?  

-Бид энэ тал дээр хяналт тавьсан. Харин зохион байгуулагч тухайн хүмүүсийн зүгээс "Одоогоор комисстой хамтрах, мэдээлэл өгөх шаардлага байхгүй" гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ энэ нь зохион байгуулагчдын хүсэл зорилгоос үл хамаарч, ХЭҮК-ын хуулиар хүлээсэн чиг үүрэг учир болж байгаа үйл явдалд хяналт тавих үйл явц үргэлжилж байна.