Улаанбаатарын серитэй улсын дугаар олголтыг зогсоосноор далд авлига цэцэглэж, иргэд автомашины үнээр улсын дугаар авдаг болох, дамын наймаа цэцэглэх олон эрсдэлтэй гэдгийг иргэд анхааруулсаар байсан. Гэвч үүнийг үл харгалзан Улаанбаатарын серитэй улсын дугаар олголтыг өнгөрсөн намар зогсоосон юм. Гэтэл өдгөө улсын дугаарыг 1.5 саяас 50 сая төгрөгөөр дамлан зарж байна.
ВИДЕО:
-УЛСЫН ДУГААР ОЛГОЛТЫГ ЗОГСООСНООР 1.5-50 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАЖ БАЙНА-
Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга Х.Нямбаатар санаачлан өнгөрсөн онд өргөн барьж батлуулсан. Улмаар өнгөрөгч оны хоёрдугаар сарын 8-нд дээрх хуулийг дагаж мөрдөх журмыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал баталсан. Ингэснээр Улаанбаатарын серитэй улсын дугаар олгох дээд хязгаарыг 730 мянган байхаар тогтоосон юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. Улмаар өнгөрсөн оны намар буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн Улаанбаатарын серитэй улсын дугаар олголтыг зогсоосон. Ингэснээр иргэдэд Үндсэн хуулийн 16.3 дугаар зүйлээр олгогдсон "хөдлөх үл хөдлөх хөрөнгө эзэмших" эрхэнд ноцтойгоор халдаж байгаа нэг хэлбэр хэмээн иргэд эсэргүүцэж байсан.
Хамгийн ноцтой нь улсын дугаар олголтыг зогсоосноос болж иргэдийн дунд Улаанбаатарын серитэй улсын дугаарыг дамлан зарах явдал эрс нэмэгджээ.
Энэ талаар бид улсын дугаар зарж буй иргэдээс тодруулахад, “Бүх цифр өөр буюу энгийн улсын дугаар 1.5 саяас эхэлж байгаа. Хоёр цифр ижил нь харилцан адилгүй янз бүрийн үнэтэй ч ихэвчлэн 2.5 саяас эхэлж байна. Харин 3 орон ижил буюу азын дугаарууд 30-50 сая төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа. Хэрвээ худалдан авсан тохиолдолд бид Авто тээврийн төвөөс дугаараа аваад суурилуулаад өгнө” гэсэн юм. Ийнхүү өнгөрсөн жилүүдэд буюу Улаанбаатарын серитэй улсын дугаар хэвийн олгож байх үед 20-25 мянган төгрөгөөр олгодог байсан улсын дугаар энэ жил 1.5-50 сая төгрөг болтлоо нэмэгджээ. Тэгвэл Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд таван шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно гэдгийг онцолсон юм.
-ЦАХИЛГААН МАШИН, ҮЙЛДВЭРЛЭГДЭЭД УДААГҮЙ АВТОМАШИН ХАМГИЙН ТҮРҮҮНД УЛСЫН ДУГААР АВАХ БОЛ БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БОЛ ХАМГИЙН СҮҮЛД УЛСЫН ДУГААР АВНА-
Тодруулбал, нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
- Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Тодруулбал,
- Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх;
- Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
- Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
- Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэх юм байна.