О.Баасанхүү: Шинэ гишүүд тэнэг юм ярьж байхын оронд ял шийтгүүлэх гэж буй татварын өртэй компаниудад боломж олгох, хувь хүнийг ажил хийх нөхцлөөр хангахад анхаараачээ

О.Баасанхүү: Шинэ гишүүд тэнэг юм ярьж байхын оронд ял шийтгүүлэх гэж буй татварын өртэй компаниудад боломж олгох, хувь хүнийг ажил хийх нөхцлөөр хангахад анхаараачээ

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү аж, ахуй нэгжүүдийг татварын өршөөлд хамруулах санаачилгыг гаргасан байна. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөл боловсруулж байсан бөгөөд энэ удаа санал гаргаж ажил хэрэг болгохоор ажиллаж эхэлжээ. Татвар төлөөгүй, мөнгө угаасан хэргээр олон аж, ахуй нэгж эрүүгийн хуулиар шалгагдаж, шийтгэгдэж буй. Тэгвэл тэдэнд хэрхэн өршөөл үзүүлж болох талаар түүнтэй ярилцлаа. 

ВИДЕО: 

-ТАТВАРЫН ХУУЛИАР ЯЛ АВСАН ХҮМҮҮСИЙГ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ДАВХАР ЗҮЙЧЛЭЭД БАЙНА. ДЭЛХИЙД ИЙМ ЖИШИГ БАЙДАГГҮЙ-

-Татвараа төлөөгүйн улмаас ял авсан, одоо авахад бэлэн болсон олон хүн байна. Та тэднийг өршөөлд хамруулах санаачилгыг гаргажээ. Хэрэгцээ, шаардлага мэдээж бий. Гол нь арга, аргачлал нь юу байх ёстой гэж үзэж байгаа вэ?  

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байна. Л.Гантөмөр Ардчилсан намын дарга ухаантай. Л.Гантөмөр "Найман жил гудамжинд лааз өшиглөсөн хүмүүсээ ажилтай болгоно" гэсэн эргүү, тэнэг юм ярьж байхынхаа оронд Монгол Улсад үүсээд буй хамгийн ноцтой асуудлыг яаж шийдэх шийдлээ ярьмаар байна. Компаниуд ажил, бизнес хийснийхээ төлөө эрүүгийн хэргээр ял шийтгэл авах гээд байна. Бүр авсан нь ч байна. Мөн мөнгө угаах заалтыг эрүүгийн хуульд оруулснаас болж татвараас гадна мөнгө угаах хэргээр давхар зүйчлэгдэж олон жилээр ял аваад байна шүү дээ. Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа татварын хуульд гурван шинэчлэл хийе гэж оролдоод бүтээгүй. Яахав тухайн үед ганцаараа байсны зовлон. 

Эхнийх нь онцгой албан татвар төлдөггүй, уул уурхай, шатахуун нефть, архи тамхины бизнес эрхэлдэггүй аж, ахуй нэгжүүдийн татварыг тэглэе гэдэг санал гаргаж байсан. Тухайн үед Сангийн яамнаас "Ингэж тэглэвэл татварын төлөгчдийн баазад асуудал үүснэ" гэж ярьж байснаас биш мөнгө нь бидэнд хэрэгтэй гэж ярьж байсангүй. Учир нь нийт татварын орлогын 98 хувийг уул уурхай, архи тамхи, шатахууны бизнесээс орж ирсэн орлогоос бүрдүүлдэг. Үлдсэн 8 хувийг бусад бизнес эрхлэгчдээс бүрдүүлдэг. Тэглэе гэхэд болиулсан нь энэ. 

Дараа нь НӨАТ-ыг гурван хувь болгох ёстой гэхэд бас асуудал үүсгээд хийгээгүй. Гэтэл яг үүнтэй давхцаад 2020 онд ковидын нөхцөл байдал үүссэн. Ковидын нөхцөл байдлаас хамаараад маш олон аж, ахуй нэгж байгууллаг хаалгаа барьсан. Сая судалгаа хийхэд бүртгэлтэй 200 мянган компани, аж, ахуй нэгжийн талаас дээш хувь нь дампуурсан байна гэдэг нь тодорхой болсон. Үлдсэн талаас дээш хувь нь хууль хяналтын байгууллагаар шалгуулаад ял авахад бэлэн болсон байна. Энэ нөхцөл байдлыг арилгахын тулд тэгш тоотой газарт өршөөлийн хууль үзүүлье гэхэд авлигачдаас болоод энэ хууль олигтой явсангүй.

Ганц авлигачдад зориулж хууль байдаг юм биш. Хууль бүх нийтэд зориулж байх ёстой. Авлигачдаа айлгахын тулд өршөөл үзүүлэхгүй гэсэн тэнэг юм ярьдагаа одоо боль. 

Эрүүгийн хуулиар татвараа төлөөгүйн төлөө нэг жилийн ял өгч байна. Цаашлаад татвараа төлөөгүйн төлөө мөнгө угаасан хэргээр давхар зүйчлүүлсэн аж, ахуй нэгжүүдийг өршөөгөөд татвартай холбоотой хэд, хэдэн хуулиа өөрчлөх ёстой гэж би үзээд байгаа юм. 2020 оны Эрүүгийн хуулиар 10 сая төгрөгийн татвар төлөөгүй бол 10 жилийн ял өгдөг байсан. Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа энэ заалтыг өөрчилж, дээд тал нь 1 жилийн ялтай болгосон юм. Гэтэл одоо энэ 1 жил дээр нэмээд мөнгө угаахаар давхар зүйчлээд байна. Онолоороо уг нь давхар зүйчлэх ёсгүй. Дэлхий дээр ийм жишиг ч байдаггүй. Та татвар төлөөгүй бол татварын хуулиараа ял авна. Гэтэл манайд нөхрийг нь мал хулгайлсан гэж  зүйчлээд малын гэдсийг нь арилгасан эхнэрийг нь мөнгө угаасан гэж яллаад байна. Тэр найман ишигний хэрэг дээр мөнгө угаах зүйчлэл харагдсан шүү дээ.

Ингэж давхар зүйчилснээс болж аж, ахуй нэгжүүд доод тал нь зургаагаас дээш жилийн ял авах гээд байна. Нэг жилээр татвар төлөөгүй, таван жилээр мөнгө угаасан гээд зургаан жилээр ял авах хэмжээнд очоод байна. 

-Яг энэ заалтаар ял авсан хичнээн аж, ахуй нэгж байгаа вэ? 

-Зөндөө байна шүү дээ. Та нарын сайн мэддэг сэтгүүлч Н.Өнөрцэцэг. Н.Өнөрцэцэг нь 50 саяын татвар төлөөгүй, энэ мөнгөөрөө  хүмүүст цалин өгсөн буюу мөнгө угаасан. Ингээд давхар зүйчлэгдсэн. Үүнээс  болоод өнөөдөр барилга, хүнсний салбарынхан асуудалд орж байгаа юм. Угтаа бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчууд өөрсдөө хүнсээ үйлдвэрлэдэг болъё гэсэн уриалгыг гаргасан биз дээ. Яг энэ дагуу нь хүнс үйлдвэрлэх гэхэд асуудал гарч байгаа юм. Наад зах нь СӨХ-ны дарга нар татвар төлөөгүй, мөнгө угаасан гэх хэргээр шалгагдаад шоронд орох гээд байна. Би маш тодорхой хэлж  байгаа. Монгол Улсын парламент халамжийн бодлогоор ард иргэдээс санал авах бус ажил хийдэг бодлогыг нь дэмжээд өгөөч гэж байгаа юм. Тэг мөнгөтэй жирийн иргэн компани байгуулаад бизнес эрхлээд амьдрах боломжийг нь олгоод өгөөч. Тэгэхийн тулд татварын хуульдаа өөрчлөлт оруулъя. Тэр нь юу вэ гэвэл эхлэлийн бизнес эрхэлж буй хүнийг таван жил татвараас чөлөөлөх тухай юм. Тэгэхгүй бол манайд яаж байна. Компани байгууллаа татвар төлөгчөөр сарын дотор бүртгүүл тэгэхгүй бол 1.5 саяар торгуул гэж байна. Дээрээс нь хүн ажиллуулах гэж байгаа бол 770 мянган төгрөгийн цалин өгч байж ажиллуул гэдэг хууль гаргасан. Гэтэл тэг мөнгөтэй хүн яаж бизнес эрхлэх юм бэ. Тэр хүнд таван жилийн дотор хөл дээрээ босох боломжийг нь олгох хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр компани бүртгүүлэх нь нэг цагийн ажил бол хэзээ ч татан буулгаж болохгүй болсон байна. Компанийг татан буулгах юм бол өөрөө шоронд орж магадгүй. Тэр компани дээр бүртгүүлсэн и баримтыг мушгиад хүртэл шоронд хийх боломж байж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм утгагүй ямар ч тохиолдолд хэнийг ч шоронд хийх боломжтой хуулийг өөрчлөөчээ гэж байгаа юм. 

-Та энэ саналаа яаж ажил хэрэг болгох вэ. Ардчилсан намаар дамжуулж ажил хэрэг болгох санаатай ч нөгөө хэд нь хүлээж авахгүй байгаа юм байна гэж ойлголоо? 

-Л.Гантөмөр гэдэг хүнээ олж чадахгүй, ярьж чадахгүй л байна. Аргаа барсандаа та бүхэнтэй ярьж байна. 

-Та УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа энэ төслийг боловсруулж байсан. Тэгэхээр бэлэн төсөл танд байгаа  гэж санагдаж байна? 

-ТАТВАРЫН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БУЙ 10 МЯНГАН АЖ, АХУЙ НЭГЖИЙГ ШОРОНД ХИЙЛГҮЙГЭЭР ХУГАЦАА, БОЛОМЖ ОЛГООД ТАТВАРЫН ӨРИЙГ НЬ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ҮҮНИЙГ ӨРШӨӨЛ ГЭЖ БАЙГАА ЮМ-

-Тийм. Татварын өршөөл үзүүлнэ гэхээр татвараа төлсөнд нь шударга бус санагддаг. Уучлаарай, миний санаачилсан хуулинд

"Татвараа төлнө гэхдээ шоронд хийхээ болъё" гэдэг агуулга л багтаж байгаа юм. Эрүүгийн хэрэг үүсгэсэн байвал татвар, мөнгө угаах ялыг нь болиулаад өршөөчих. Харин татвараа заавал төл гэж байгаа юм. 

Хүнийг шоронд хийхээ болъё гэж байгаа юм. Нэг гунигтай жишээ хэлэхэд, Монгол Улсад 330 мянган эмэгтэй шоронд ял эдэлж байна. Ихэнх нь залилангийн хэргээр. Тэд санаатай үйлдэл хийж хүн залилах биш зүгээр л мөнгө олж чадахгүй байна. Тайван бизнес хийх бололцоо тэдэнд алга. Монголд картын бараагаар 100 мянган хүн амьдарч байна. Ингэж халамжийн бодлого хэрэгжүүлж байхаар хүмүүсийг ажил, бизнес хийх боломжоор хангах хэрэгтэй. Хүн бизнесээ бодож олоод тайван хийг  л дээ. Тэднийг татвараар дарамталж, мөнгө угаах хэргээр шоронд хийхээ больчих. Татварын хэрэг эрүүгийн цагдаа дээр овоорчихоод байна. Өмнө нь 2000 татварын хэрэг бүртгэгдсэн бол өнөөдөр 10 орчим мянган татварын хэрэг бүртгэгчихсэн байна. Үүнийгээ өршөөгөөд өгөөч. Тэр хүмүүст график хугацаа олгоод татварыг нь төлүүлэх ёстой. Дампуурлын хуулиараа явна биз. Нэг хүн 30 компани байгуулсан тохиолдол ч байна. Шалтгаан нь маш энгийн. 50 сая төгрөгийг орлого олбол НӨАТ төлдөг гэх хуультай. Тэгэнгүүт 49 сая төгрөг болгоод Х лээд хаячихдаг. Одоо үүнийгээ цэгцлэхгүй юм уу. Утаа, түгжрэлтэй тэмцдэг гэх шударга хоёр хүн улс төрд үлдсэн. Тэр хоёр хэдэн компанийг өршөөлд хамруулсан гэж ярьмаар байна.  Элбэгдорж, Зоригоо ярихаа одоо болиочээ. Хуулийнхан л тэр ажлаа хийнэ биз, төвөгтэй юм бид нар амьдармаар байна, урагшламаар байна. Эдийн засгийн аймшигтай хямрал Монгол руу ирж байна. Энэ үед компаниудад амьдрах боломжийг нь олгочих хэрэгтэй. 

-МАНАЙ ШИНЭ ГИШҮҮД ЮУ ХИЙХЭЭ МЭДЭХГҮЙ ТЭНЭГ, ТЭНЭГ ЮМ ЯРИАД БАЙЖ БАЙХЫНХАА ОРОНД АЖ, АХУЙ НЭГЖҮҮДДЭЭ БОЛОМЖ ОЛГОХ ТАЛААР САНААЧИЛГА ГАРГАХ ХЭРЭГТЭЙ-

Компаниудад боломж олгочихвол тэд нар гүйж очоод гутал, хувцсаа бүр дээр үеийн комиссын бараагаа авчирч ирээд зараад амьдарна биз дээ. Амьдрах гэхээр хууль нь гацаачихаад байна. Татвар, НӨАТ-аар гацааж, шоронд хийх гээд байна шүү дээ. Үүнийг болихын тулд татварын хэргээр татагдсан хүмүүсээ өршөөчихье. Торгууль шийтгэлгүйгээр татварын өрийг нь авна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулинд татвар төлөх нь иргэний журамт үүрэг гэж заасан байгаа шүү дээ.

Хугацаа заагаад л торгууль шийтгэлгүйгээр татвараа төлөх боломжийг олгочихье. Манай УИХ-ын шинэ гишүүд юу хийхээ ойлгохгүй шал тэнэг юм яриад. Миний уур хүрээд байна.

Жишээлбэл, УИХ-ын гишүүдийн 12 сарын тэтгэмж гэдгээ бараг 12 сар ярилаа. Хүн өөрийн буруугүй ажлаас чөлөөлөгдөж байгаа бол дараагийн ажилдаа ортлоо цалингаа 3 сар аваг л дээ. Тухайлбал, би авч байж дараагийн ажилтайгаа золгож байна. Дандаа нэг баян, авлигачид, гэмт хэрэгтнүүд УИХ-д д байдаг мэтээр ярьж болохгүй.  Гол сэдэв рүү гээ ороочээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн асуудал руу гаа орооч. Манай намынхан шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг л байна. Юм ярихаар ойлгохгүй байна. Иргэд "Хүүеээ би амьдармаар байна" гэж хэлээд байна. Тэд "Миний хэрэглэсэн цахилгааны төлбөр, хүүхдийн сургалтын төлбөрийг төлөөд өгөөч. Цагаан сараар боов өгөөч" гэж гуйгаагүй шүү дээ. Зөвхөн өөрийн бизнесээ эрхэлж, мөнгө олъё л гэж байгаа юм. Иргэд бизнес эрхлэх гэхээр шоронд орох гээд байна. Шоронд орохгүйн тулд ажил хийхгүй биз дээ. Маш тодорхой хэлбэл, Эдийн засгийн өршөөлийн хууль гаргаж татвар, мөнгө угаасан зүйл ангиар зүйчлэгдсэн аж, ахуй нэгж, байгуулага, хувь хүнийг өршөөгөөд өгөөч гээд байгаа юм. 

-Хэрвээ өршөөл үзүүлбэл эдийн засагт эерэг болон сөрөг нөлөөлөл ямар байх вэ. Судалгаа хийж үзсэн үү? 

-Маш эерэг нөлөөлөл үзүүлнэ. Ардчилалд төрийн оролцоо 40 хувь, хувийн оролцоог 60 хувь байхыг зохист хэмжээ гэж үздэг. Тэгээд 60 хувь нэмэгдэж, 40 хувь нь буурч болно. 40 хувиас дээш оролцоотой болбол ардчилал биш дарангуйлал юм. Тухайлбал, улсын эмнэлэг 40 хувь, улсын эмнэлэг 60 хувийн нөлөөтэй байх ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ байна. Жишээлбэл, Монгол Улсад Хавдрын шинэ эмнэлэг барина гээд Ерөнхийлөгчтэйгөө очоод нээлт хийгээд сууж байгаад нь би харамссан. Зүй нь бол хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн хувийн эмнэлгүүдээ дэмжих байсан юм. Үнийн тариф, стандартаа яриад явсан бол хувийн эмнэлэгтээ ч улсад ч ашигтай байсан. Одоо тэгээд хавдрын шинэ эмнэлгийн байшинд нь ямар эмч очиж ажиллах юм. Монгол Улсад сувилагч, эмч хомстолтой болчихоод байна шүү дээ. Суурь бодлого нь буруу байна. Тэр дундаа эдийн засгийн бодлого буюу хувь хүн ажил хийх боломж шүү дээ. Таныг ажилласны төлөө авах ёстой татвараа шударга авна харин та шоронд орохгүй гэсэн тухай л яриад байна. 

-Ярилцсанд баярлалаа. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө