Э.Болор-Эрдэнэ: Виртуал дугуйн спорт монголд хөгжсөнөөр бид өвлийн улиралд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болсон

Э.Болор-Эрдэнэ: Виртуал дугуйн спорт монголд хөгжсөнөөр бид өвлийн улиралд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болсон

Монгол Улсад 2022 оноос зохион байгуулагдаж эхэлсэн Виртуал дугуйн спортын улсын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр 17 наснаасаа дугуйн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд Хятад, Япон улсуудад легионар тамирчнаар ажиллаж байсан туршлагатай тамирчин юм.

ВИДЕО:

-Дугуйн спортоор хэзээнээс эхлэн хичээллэж эхэлсэн бэ?

-Би 2012 оноос би дугуйн спортоор хичээллэж эхэлсэн. Манай сургууль дээр дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болно гээд биеийн тамирын багш маань хүүхдүүд бүртгээд явж байхад нь анх бүртгүүлж байсан. Дугуйн спорт байдаг юм байна гэж тэр үед би мэдсэн. Хан-Уул дүүргийн дугуйн клуб Нармандах багш дээрээ анх очиж, бүртгүүлээд дугуйн спортын анхны “А” үсгээ заалгаж байлаа.

Бэлтгэл сургуулилт хийж байхдаа өсвөрийн улсын аваргын ганцаарчилсан гараатай төрөлд гуравдугаар байр эзэлж спортын мастерын болзол хангаж байлаа. Тэр жилээ аравдугаар сард би цэрэгт яваад дугуйн спортоо орхиж цэргийн хүн болохоор шийдсэн байсан. Би өөрийгөө дугуйн спортоор хичээллэх хувь тавилантай гэж боддог. Намайг цэрэгт байхад Нармандах багш маань цэргийн анги дээр ирээд ангийн захирагчтай яриад боломжоороо би бэлтгэлээ хийж эхэлсэн. Тэгээд дөрөвдүгээр сард цагдаа, цэргийн алба хаагчдын дунд дугуйн тэмцээн болно гээд тэр тэмцээнд ороод би түрүүлсэн. Удалгүй манай цэргийн анги ч татан буугдсан. Тэгээд би дугуйн спортдоо буцаж орж ирж байлаа.

-БИ ХЯТАД БОЛОН ЯПОНЫ БАГТ ЛЕГИОНАР ТАМИРЧНААР УРАЛДАЖ, ИХ ЗҮЙЛ СУРСАН-

-Дугуйн спортыг монголчуудад таниулсан гавьяат тамирчин М.Өлзий-Оршихын шавь гэж сонссон. Багштайгаа танилцаж эхэлсэн үеэсээ хуваалцахгүй юу?

-2014 онд би Монголын дугуйн спортын олон өдрийн тэмцээнд би тодорхой амжилт гаргасан. Тэр үед гавьяат тамирчин М.Өлзий-Орших багш намайг олж хараад, би шавь нь болж байлаа. Тэгээд яг олон улсын түвшинд бэлтгэл сургуулилт хийгээд олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн.

-Та Хятад болон Японы багт легионар тамирчнаар хэрхэн сонгогдож байв?

Хятадын багт гавьяат тамирчин М.Өлзий-Орших багш минь намайг оруулж өгсөн. 2016-2018 онд би Хятадын багт легионар тамирчнаар багийнхаа хоёр ахтай хамт цуг ажиллах болсон. Анхны олон улсын тэмцээн, амжилтууд минь тэр үеэс эхэлсэн.

2018 он хүртэл Хятадын багт легионар тамирчнаар уралдаад 2022 оноос Японы мэргэжлийн багт легионар тамирчнаар ажиллах гэрээнд гарын үсэг зурж байлаа. 2022-2024 он хүртэл Японы багт легионар тамирчнаар ажиллаж, уралдсан.

Би 2021 онд Монгол улсынхаа аварга болсон. Тэгээд Японы багт орох үндэс болсон болов уу. Япон улсад ихэвчлэн тойргийн уралдаан болдог юм билээ. Монголоос эсрэг гэсэн үг. Монголд бол шулуун уралдаад шулуун ирдэг. Японд болохоор жижигхэн тойрог замд олон тойрдог. Өгсүүр уруу ихтэй классик уралдаан болдог. Монголын тамирчид классик уралдаанд илүү их амжилт үзүүлэх боломжтой байдаг болохоор Япон багт сонгогдож гэрээ хийсэн байх гэж боддог.

-Хятадын багт тамирчнаар ажиллаж байхдаа суралцсан зүйлээсээ хуваалцахгүй юу?

Тухайн үед манай багт гурван колумб, гурван монгол тамирчин байсан. Дугуйн спорт багийн спорт учраас ах нартаа үйлчилнэ. Би тухайн үед ах нартаа бүх хүчээ гаргаад тусалж дэмждэг байсан.  Салхийг нь хагалж ажиллана гэдэг нь хамгийн урд нь салхийг авч яваа тамирчин илүү их ядрана гэсэн үг. Ард нь суугаад явж байгаа тамирчдын ядрах хувь нь бага болоод явдаг. Яг салхи авч байгаа тамирчны арын тамирчин 80 хувьтай, тэрний ард тал нь 50 хувьтай, арынх нь 30 хувийн амралттай явна гэсэн үг.

-Виртуал дугуйн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн монголд хэзээнээс зохион байгуулагдаж эхэлсэн бэ. Ер нь дэлхий нийтэд хэзээнээс хөгжиж эхэлсэн юм бол?

Виртуал дугуйн спорт дэлхийд 2015 оноос хөгжиж эхэлсэн. Манай улсад бол 2022 оноос улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж эхэлсэн. Виртуал дугуйн спорт манайд хөгжихөд нэмэр болсон зүйл нь дугуйн дэлгүүрүүд төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр смарт сууриуд оруулж ирж эхэлсэн. Улмаар олон олон тамирчид виртуал дугуйн спортоор хичээллэж эхэлсэн.

-ВИРТУАЛ ДУГУЙН СПОРТЫН ОНЦЛОГ ГЭВЭЛ ОРОЛЦОЖ ҮЗЭЭГҮЙ, ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГЫН ЗАМ ДЭЭР БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ-

-Виртуал дугуйн спорт гэхээр сонин содон сонсогдож байна. Дугуйн спортоос юугаараа онцлог, давуу талтай юм бол?

Виртуал дугуйн давуу тал гэвэл виртуал дугуй хэрэглэхээс өмнө монголд өвлийн нөхцөлд бэлтгэл сургуулилт хийхэд хүнд байсан. Одоо виртуал  дугуй хэрэглэж эхэлснээс хойш бэлтгэл сургуулилт хийхэд давуу талтай болж ирсэн.

Виртуал дугуйн онцлог гэвэл оролцож чадаагүй, оролцохыг хүсдэг зам дээрээ бэлтгэл сургуулилт хийх боломж үүсч байгаа. Дэлхийн аварга болсон, Олимп болсон зам гэх мэт. Монголд бэлтгэл сургуулилт хийхэд урт уул байдаггүй. Виртуал дугуйн дээр урт ууланд бэлтгэл хийх боломж үүсч байгаа. Ухаалаг суурь маань өөрөө өгсүүр хэсэгт хүндрээд, уруу хэсэгт нь хөнгөрөөд явдаг.

-Виртуал дугуйн спортоор та ямар ямар амжилт гаргасан бэ ?

-Виртуал дугуйн спортын өнгөрсөн жилийн улсын аваргаас би хошой алтан медаль авсан. Улсын аварга маань дэлхийн аваргад оролцох эрх нь нээгддэг ч би зардал мөнгөний асуудлаас болоод дэлхийн аваргад оролцож чадаагүй. Миний харж байгаагаар виртуал дугуйн спортоор монголчууд илүү их амжилт үзүүлэх боломжтой санагддаг. Виртуал дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн элит ангилал, элит эмэгтэй, мастер, сонирхогч гэсэн ангиллууд байдаг. Би элит ангилалд уралддаг.

-Таны амжилтын тактикаасаа хуваалцахгүй юу?

Өөртөө илүү давуу тал гаргахын тулд замаа сайн судлах ёстой. Замаа судлаад зам дээрээ бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй.

Мэдээж өгсүүр зам дээр л хэн хүчтэй, аттакк хийж чадсан нь бусад тамирчдаасаа зай авч түрүүлэх боломж үүсгэдэг. Тэгэхээр дугуйн спорт өгсүүр зам дээр бүх зүйл шийдэгддэг.

-Маргааш Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. 2025 онд ямар ямар тэмцээнд оролцохоор төлөвлөсөн байгаа вэ?

2025 оны зорилго гэвэл эхний ээлжинд виртуал дугуйн спортын улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилтаа бататгаад хошой алтан медаль авах зорилготой байгаа. Виртуалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн оролцох зорилготой байгаа. Дугуйн спорт бусад спортуудыг бодвол өртөг өндөр спорт. Мэдээж спонсоргүй бол тамирчин амжилт үзүүлэхэд хэцүү. Монгол улсын гавьяат тамирчин М.Өлзий-Орших багшийн эхнэр “Jump Mongolia” дугуйн дэлгүүрийн захирал Ариунаа эгч, "Катко" компанийн захирал Наранбат ах, надад тусладаг ах нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье.Энэ жилийн миний 2025 онд уралдах дугуй маань Jump брэндийн дугуй байгаа. Үүнийг  Наранбат ах, Ариунаа эгч хоёр маань авч өгч байсан.

2025 онд энэ дугуйтайгаа тэмцээн уралдаандаа орно. 2022 оны загвар. Тухайн үедээ 23 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байсан. Виртуал дугуйны хамгийн гол зүйл бол энэ смарт суурь байгаа. Смарт суурийн өөрийнх нь үнэ 2.2 сая төгрөгийн үнэтэй. Өртөг өндөр спорт болохоор спонсоргүй бол амжилт үзүүлэхэд маш хэцүү байдаг.