УИХ-ын чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ талаарх Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цөмийн энергийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.1-д заасан гэрээг хөрөнгө оруулагчтай Засгийн газар байгуулахдаа Улсын Их Хурлын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Байнгын хороотой зөвшилцөнө” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг САС компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг санал, дүгнэлтдээ дурдлаа.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар бүлгээр “Олон талт олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тусгайлан зохицуулдаг боловч Цөмийн энергийн тухай хуульд заасан хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хуульчлаагүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг энэ хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Ёс зүй, дэгийн байнгын хороо хэлэлцэж, саналаа нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны дагуу уг хуулийн төслийг тус Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Б.Баярбаатар гишүүн онцлов.
Хуулийн төсөл нь 12 зүйлтэй бөгөөд гэрээний төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо тус тусдаа урьдчилан хэлэлцэхээс гадна нам, эвслийн бүлэг хэлэлцэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлж нэгтгэн хэлэлцэх, тус Байнгын хороогоор төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд, эсхүл тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуралдаанд танилцуулах, гэрээний төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхээр төсөлд тусгалаа. Гэрээний төслийн агуулга, ач холбогдлыг харгалзан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гишүүдийн олонхын саналаар гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэж болох ба гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжсэн бол хамт оруулсан Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцохоор, түүнчлэн уг хуулийг баталсан өдрөөс нь эхлэн Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөж дуустал хугацаанд дагаж мөрдөхөөр тус тус тусгасан гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, С.Ганбаатар, Н.Батсүмбэрэл нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд зарчмын хувьд уг дэгийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн 7 дугаар зүйлд гэрээний төслийг дэмжээгүй шалтгааныг тайлбарласан санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлнэ гэснийг үндэслэл бүхий шийдвэрээ хүргүүлэх гэж өөрчлөх, түүнчлэн дэмжээгүй асуудлаараа Засгийн газарт хугацаатай чиглэл өгөх асуудлыг тусгах боломжтой талаар, мөн гэрээний төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно гэснийг хэрхэн ойлгох талаар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо шаардлагатай асуудлаар хаалттай хуралдах боломжийг нээж өгөх талаар хөндөж ярилцсан эсэхийг тодруулав.
Байнгын хорооны дарга Б.Баярбаатар, П.Сайнзориг гишүүний саналыг дэмжиж, хуулийн төсөлд шалтгаан гэдгийг үндэслэл бүхий гэж засах боломжтой гээд Улсын Их Хурлын Тамгын газартай ярилцаад 12 зүйлтэй хуулийн төсөлд гэрээний төслийн ач холбогдлыг нь харгалзаад буцаах, шаардлагатай бол Улсын Их Хурлаар хэлэлцэх гээд бүхий л боломжийг тусгасан. Харин хугацаатай чиглэл өгөхийг төсөлд заавал тусгах шаардлагагүй, тухайн үед нь зохицуулах боломжтой хэмээн хариулав. Мөн гэрээний төсөлтэй холбогдуулан бүх гишүүдэд асуулт асууж, үг хэлэх эрхийг нээлттэйгээр тусгасан гээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хаалттай хуралдах зохицуулалт байдаг тул төсөлд тусгах шаардлагагүй гэж үзсэн хэмээн тайлбарлалаа.
Ингээд Байнгын хорооны саналаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 83.0 хувь нь дэмжсэн. Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсох горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.