Монгол Улс дэлхийн 46 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой болжээ

Монгол Улс дэлхийн 46 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой болжээ

Монгол Улс 2024 онд ИБУИНХУ, Узбекистан, Испани, Латви, Унгар, Туркменистан зэрэг улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар дэлхийн 46 улстай 47 агаарын харилцааны хэлэлцээртэй болж, 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдсэнийг Зам, тээврийн яам мэдээлсэнийг Bloomberg TV дамжуулжээ. 

Тодруулбал, 2024 онд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нийт 2.1 сая гаруй зорчигч хүлээн авснаас 1.7 сая нь олон улсын чиглэлд зорчжээ. Орон нутгийн чиглэлд 423 мянга 6798 зорчигч үйлчлүүлсэн байна. Өнгөрсөн оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нисэх буудлын үйл ажиллагааны орлого 155.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өсжээ.

“Хөшигийн хөндий нисэх онгоцны буудал” ХХК нь  2024 онд олон улсын ирэгчийн ашигтай зай талбайг 34 м², олон улсын ирэх, явах зорчигч, угтагчид зориулан терминалын ашигтай талбайг нийт 292 м², олон улсын бүртгэлийн цэгийг 14-өөр нэмэгдүүлж, нисэх буудлын хүлээн авах нэвтрүүлэх чадварыг сайжруулаад байгаа аж.

Үүнээс гадна МИАТ ТӨХК-ийн орлого хүлээгдэж буй гүйцэтгэлээр 942 тэрбум төгрөг болсон ч 916 тэрбум төгрөгийн зарлагатай ажиллаж, цэвэр ашиг нь 23 тэрбум төгрөг хүрснийг салбарын яам мэдээлсэн байна. 

Тус компани 2024 онд олон улсын нислэгт зориулан хоёр дахь “Boeing 787-9 Dreamlainer” агаарын хөлөг, орон нутгийн нислэгт зориулан “Bombardier CRJ-700” загварын “Мазаалай” агаарын хөлгөө хүлээн авч, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 4218 удаагийн нислэг үйлдэж, 1.1 сая зорчигч, 14 мянга 840 тонн ачаа тээвэрлэжээ.