Б.Дэлгэрсайхан: Төмөр зам 5.8 жилийн хугацаанд өртгөө нөхөж, нэг тонн нүүрсийг 45 центээр тээвэрлэнэ

Б.Дэлгэрсайхан: Төмөр зам 5.8 жилийн хугацаанд өртгөө нөхөж, нэг тонн нүүрсийг 45 центээр тээвэрлэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 27 сая тонн, жил бүр 20 сая тонн нүүрс экспортлоно. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарах ёстой хуулийн заалттай хэрхэн зохицож байгаа вэ. Биржийн хуулийн зүйл заалтыг оруулж ирэх ёстой байсан уу. Биржээр биш арилжааг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах боломж байгаа юу?

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монголд Уул уурхайн биржийн тухай хууль хэрэгжиж байгаа. Хууль хэвийн хэрэгжинэ. Үүний хажуугаар "Эрдэнэс тавантолгой" компани, БНХАУ-ын төрийн болон хувийн өмчит дөрвөн компанид нүүрсээ урт хугацааны гэрээгээр борлуулж байгаа. Бид энэ хэлэлцээрт орж байгаа "Чайна энержи" компани хоёр дахь гэрээ буюу нүүрс худалдах, худалдан авах гэрээнд бид хоёр талаасаа ажлын хэсэг гаргасан. Эхний төмөр зам ашиглалтад орох хугацаанд 2025-2029 онд 27 сая тонн нүүрс, цаашдаа жил бүр 20 сая тонн нүүрсийг борлуулах гэрээний асуудал яригдаж буй. "Эрдэнэс тавантолгой" компанийн өнөөдрийн үнийг баримталья гэж ярьж буй. Үндсэн хууль, олон улсын гэрээ, бусад хууль гэсэн дарааллаар хэрэгжүүлдэг. Хоёр талын хэлэлцээрийг баталсан тохиолдолд энэ хэлэлцээрт орсон байдлаар асуудлыг шийднэ гэдгийг хэлье. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Тавантолгой ордын тал нь эрчим хүчний нүүрс байдаг. Сүүлийн жилүүдэд коксжих нүүрсийг илүү экспортолсон. Олборлолтын нөхцөл байдлын хувьд эрчим хүчний нүүрсний овоолгын хэмжээ нэмэгдсэн. "Чайна Энержи" компани эрчим хүчний нүүрсний давуу талтай төрийн өмчит компани юм. Хэлэлцээрийн явцад эрчим хүчний нүүрсийг бусад гэсэн заалтад салгаж бус үндсэн зүйлд багтаах яриа хэлэлцээр явж байгаа юу. Их хэмжээний эрчим хүчний нүүрс олборловол шатаж, хийсдэг. Тиймээс төмөр замаа холбоод хамгийн эхэнд эрчим хүчний нүүрсийг зарах ёстой. Өмнө нь тээврийн зардал дааж чадахгүй байсан бол төмөр замтай болсноор тээврийн зардлын шингээлт сайжирна. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хөрөнгө оруулалт хэд болоод ямар хугацааны дараа хөрөнгө оруулалтаа нөхөх вэ. Олсон ашгаа өмчлөлийн хувьд хэрхэн хуваах вэ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Хятадын төрийн өмчит "Чайна Энержи" нь эрчим хүчний компани юм. Нүүрсийг дотооддоо олборлодог, Австрали, Индонез, Монгол гэсэн улсаас худалдан авдаг. Жилд 800 сая тонн нүүрс хэрэглэдэг компани. Энэхүү компанитай хийх гэрээнд коксжих, эрчим хүчний нүүрсний асуудал яригдаж байгаа. Үнийн хувьд ялгаатай. Тавантолгойн ордоос дан коксжих нүүрсийг зараад эрчим хүчний нүүрс үлддэг гэх асуудлыг ярьдаг. Энэ орд нүүрсний 13 давхаргаас бүрддэг. Үүний хоёр давхаргад нь буюу 20 орчим хувьд нь коксжих нүүрс байгаа. Сул коксжих болон эрчим хүчний нүүрсийг зарах асуудал яригдсан.

Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан: Төмөр зам 5.8 жилийн хугацаанд өртгөө нөхнө. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсийг 45 центээр тээвэрлэх тооцоо гаргасан.