Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулж, дургүйцлийг нь хүргэсэн "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслөө түр эргүүлэн татаж байгаа аж. Тэрбээр уг хуулийг Засгийн газраа төлөөлөн боловсруулж, өргөн барьсан бөгөөд өнөөдөр /2024.12.26/ УИХ-ын чууулганы хуралдаанаар хэлэлцэхээр тов, дараалалд оруулаад байсан юм.
-ГБХНХЯ: ТУС ХУУЛИЙГ ХОЙШЛУУЛЖ БАЙГАА. ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭХГҮЙ-
Тус хуулийг эргүүлэн татаж буй асуудлаар Засгийн газрын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү манай сайтад өгсөн ярилцлагадаа "Иргэдийг талцуулсан буруу мэдээлэл явсан. Тиймээс Засгийн газар тус хуулиа хойшлуулсан. УИХ-ын нэр бүхий таван гишүүн хууль өргөн бариад буруу зөрүү мэдээлэл их явсан. Энэ хууль дээр АН-ын бүлэг болон гишүүд их болгоомжтой хандаж байгаа. Миний хувьд ажиллах хүчний хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой ойлголтыг хувийн хэвшил нь өөрсдөө ярьж, мэргэжлийн холбоод нь хуралдан дүгнэлт гаргах ёстой гэсэн байр суурьтай байна. Үүнийг улс төрчид эсвэл нам, эвсэлтэй холбоотой бүлэг хүмүүс ярих нь буруу, монголын ард түмнийг талцуулах юм байна гэж ойлгож байгаа. Монголын ард түмэн ямар нэгэн асуудал дээр хуваагдах тусам тэр ажил амжилтгүй болж, гацдаг. Тиймээс Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчид ийм хууль шаардлагатай эсэхээр дүгнэлтээ гаргах ёстой. Нэг улсаас хэт олон ажиллах хүчин авахгүй байх хууль бий. Энэ байр сууринд Монголын Засгийн газар байгаа" гэсэн юм.
Мөн энэ талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад, "Түр хойшлуулсан. Өнөөдөр хэлэлцэхгүй" гэлээ.
Дээрх хариулт, мэдээллүүдээс үзэхэд тус хуулийг хэлэлцэхгүйгээр хойшлуулж байгаа аж. Гэхдээ хэдийг хүртэл хойшлуулж буй нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан 14 том төслийнхөө эхний хоёрыг хөдөлгөхөөр холбогдох хууль, тогтоомжийг өчигдөр /2024.12.25/ УИХ-д өргөн барьсан.
Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Францын "Орона майнинг" групптэй хамтран хэрэгжүүлэх ураны төсөл буюу Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хоёр том төслийг хөдөлгөх эрх зүйн үндэс болох хуулиудыг шинэ оноос өмнө батлахаар ажиллаж байгаа. Эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой энэхүү төслүүдтэй холбоотой хуулийг ард түмний эсэргүүцэл бухимдалгүй батлах шаардлага Засгийн газарт бий. Тийм ч учраас олон нийтийг бухимдуулсан "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг эргүүлэн татаж, дээрх хоёр төсөлтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа дахин хэлэлцэж магадгүй байгаа аж.
-ИЖИЛ УТГА АГУУЛГА БҮХИЙ ХОЁР Ч ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭРГҮҮЛЭН ТАТАВ-
Сануулахад, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын таван гишүүн “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан ч Төрийн ордны дотор, гаднагүй эсэргүүцсээр эргүүлэн татуулсан.
Эдгээр гишүүдтэй зэрэгцэн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан ч ийнхүү дахин хойшлуулж байна.
П.Сайнзориг нарын эргүүлэн татсан хуулийн гол агуулга нь “Уул уурхай, газрын тос олборлохоос бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөх улмаар хувийн хэвшлийг дэмжиж ажиллах хүчний хомсдолоос гарахад чиглэнэ” гэж байв.
Харин Л.Энх-Амгалан сайд буюу Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл нь “Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө оруулагчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлж, чөлөөлөгдөж, зардал хэмнэгдэх, ажиллах хүчний хомсдолоос богино хугацаанд гарах, бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж тайлбарлаж буй.
П.Сайнзориг нар нь яг ижил утга агуулга бүхий хуулийн төслийг Засгийн газартай хамтатган өргөн барьж, ирэх нь тодорхой байсан галыг өөрсдөдөө авах, анхаарлыг сарниулах төлөвлөгөөтэй байсан гэх мэдээлэл бий. Гэхдээ тэдний хэн, хэн нь ирэх хавраас эхлүүлэх томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай ажиллах хүчийг гадаадаас авчрахад зорьж байсан юм. Учир нь Засгийн газар нэр бүхий 14 мега төслийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Үүнд, 16 жилийн хугацаанд гацсан Гашуунсухайт-Ганц модны боомтын хил холболтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Францын Орона майнинг групптэй хамтран хэрэгжүүлэх ураны төсөл цаашлаад Богд уулыг нүхэлж барих хурдны зам, Гантатлагат гүүр, Туул голын эрэг дагуух Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг холбосон хурдны зам гэсэн багтсан. Бүр цаашлаад Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн орон сууцны хорооллын барилгыг ч хятадууд өөрсдөө барина гэж байгаа. Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийг жагсаалтыгЭНД дарж уншина уу. Эдгээрийн ихэнхийг БНХАУ-ын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх бөгөөд хэлэлцээрийн дагуу тус улс ур чадвартай өөрийн ажилчдаа Монголд авчирна, өөр аргагүй байгаа юм.