Б.Сайханцэцэг: Миний аварсан 300 муурны 10 гаруй нь надтай хамт амьдарч, “Хөөсмаа”-гаас эхлээд олны танил болж, байр машин зарах халтууранд ч явж байна /ВИДЕО/

Б.Сайханцэцэг: Миний аварсан 300 муурны 10 гаруй нь надтай хамт амьдарч, “Хөөсмаа”-гаас эхлээд олны танил болж, байр машин зарах халтууранд ч явж байна /ВИДЕО/

“Хөөсмаа”, “Бумбардай”, “Женни”, “Алагаа”, “Мазаалай” , “Гүнжтөгөлдөр”, “Мишээл” гээд арав гаруй муурыг гэртээ амьдруулдаг, зургаан жилийн хугацаанд 300 гаруй муур аварч, эзэнтэй болгосон амьтан аврагч Б.Сайханцэцэгтэй ярилцлаа.

ВИДЕО: 

-Юуны өмнө үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Батхуягийн Сайханцэцэг гэдэг. Мууранд хайртай болоод аварч, асраад зургаа дахь жил рүүгээ орж байна.

-Монголчуудын ихэнх нь мууранд таагүй ханддаг. Чиний хувьд анх яагаад муур аврах болсон бэ?

-Анхнаасаа мууранд дуртай байсан гэвэл худлаа болно. Бусдын адил муурыг гудамжны амьтан, гадаа амьдардаг гэж боддог байсан. Гэхдээ бас учиргүй дургүй байгаагүй. Анх хүү минь жаахан ганцаардаад, би өөрөө ажил ажил гээд явчихдаг болохоор хүүгээ ханьтайгаа болгодог юм уу гээд найзынхаа зөвлөснөөр анх удаа муур авч байсан. Анхны ирсэн мууруу нэг их тоогоогүй. За нэг амьтан ирж л байна гэж бодсон. Тэгсэн чинь муур маань ирсэн оройноо, маргааш нь хайр хүргээд, харахаар л хөөрхөн санагдаад, тоглоод эрхлээд, хайр хүсээд байхаар хүн өөрийн эрхгүй дурлачихдаг юм билээ. Тэгээд л ганцаардуулаад яах вэ гээд хоёр, гурав гээд нэмсээр байгаад гадуур явж байгаа амьтдыг өрөвдөөд огцом нэмэгдээд эхэлсэн. Одоогийн байдлаар 300 гаруй муур аварсан байна.

-Аварсан муурнуудаа яаж эзэнтэй болгодог вэ?

-Одоо надтай хамт арав гаруй муур амьдарч байна. Зарим муур нь хүнээс их айдаг болохоор эзэнтэй болж чаддаггүй. Тэр муурнуудаа би гэртээ байлгадаг. Гэхдээ 290 гаруй мууранд эмнэлгийн тусламж үзүүлж, эзэнтэй болгосондоо баяртай байдаг. Эхэндээ муурнууддаа нэр өгөөд, бүртгэж авдаг байсан. Сүүлдээ тоогоо алдаад, өгөх нэр ч олохоо больдог юм билээ.

-Анх авчирсан муурандаа ямар нэр өгч байсан бэ?

-Манай муур нэртэй ирсэн эсэхийг санахгүй байна. Ямар ч гэсэн Сиси гэдэг нэр өгсөн. Гадаад нэр нь Сиси. Монгол нэр нь Сийлэнгоо байсан. Гэхдээ одоо амьд биш л дээ. Анхны хоёр муур маань хоёулаа өнгөрчихсөн. Нэг нь миний муур, нөгөө нь хүүгийн минь муур байсан. Хоёуланг нь элэгний хавдраар алдсан. Гурав дахь муурандаа Мишээл гэдэг нэр өгсөн. Мишээл уг нь ярьдаг. Гэхдээ одоо ярихгүй байх. Дөрөв дэх муурандаа Гүнжтөгөлдөр гэж нэр өгч байсан. Эхлээд эмэгтэй муур гэж бодоод Гүнж гэдэг нэр өгсөн байсан. Дараа нь эрэгтэй гэдгийг мэдээд Төгөлдөр гэдэг нэр өгсөн. Тэгээд Гүнжтөгөлдөр болсон. Манай муурнууд бүгд нэрээ мэддэг. Өөртэй нь намайг ярихаар нүдээ анивчиж хариу өгдөг.

-Арав гаруй муур гэртээ байлгана гэдэг бас нилээн өндөр зардалтай, цаг зав, анхаарал халамж шаардах байх. Хүүхэд шиг л бөөцийлж байдаг юм байна ш дээ?

-Үстэй хүүхэд л нэмэгдэж байна гэсэн үг. Тодорхой хэмжээний арчилгаа шаардагдана. Хоол ундыг нь өгнө. Усыг нь байнга солино. Мэдээж нойлыг нь байнга цэвэрхэн байлгах хэрэгтэй. Арчилгаа ер нь гайгүй ээ. Одоо бараг дасч дээ. Анхандаа ч хэцүү санагддаг л байсан. Ер нь бол арав гаруй муур гэдэг бол чанга л даа. Арван кг хоол авна. Элс авна. Долоо хоногт бараг арван кг хоол хүрэхгүй. Өрөвдсөндөө л эд нарыг байлгадаг. Түүнээс биш шантрах үе байдаг.

-Муур хүний хайрыг яг яаж татдаг юм бол?

-Яг хайр хүсээд хүржигнээд ирэх үе нь маш хөөрхөн. Муурнаас өөрөөс нь хүржигнэсэн маягийн авиа гардаг байхгүй юу. Тэр авиаг сонсох нь хүний зүрхэнд маш сайн гэдэг юм билээ. Үнэхээр хайр хүсээд, хүнд итгээд ирэхээрээ тайван байдлыг эрмэлзээд ирэхээрээ хүний бие дээр хэвтээд, хүржигнээд эхэлдэг. Тухаа олоод, илүүлээд байгаа яг тэр үе нь их хөөрхөн. Зарим нь аймар өрөвдмөөр. Ээжгүй байж байгаад ирсэн зулзаганууд нь массажлиж байгаа маягийн хөдөлгөөн хийгээд байдаг. Хайр хүсээд ээжийнхээ хэвтрийг санаад байдаг. Энэ муурыг гурав хоногийн өмнө манай хаалганы гадаа хайрцган дотор хийгээд орхичихсон байсан. Хаалганы гадна төрөх гэж байгаа муур хүртэл хүмүүс авч ирээд тавьчихдаг. Тэгээд л гэртээ оруулаад мөөгөнцөр ямар нэг өвчтэй байна уу, тусгаарлах уу, эд нартайгаа хамт байлгах уу гэдгээ шийддэг.

“Байрны гадаа сүүлээ тасдуулчихаад байхад нь олж аварсан хоёр сүүлгүй муур бий. Энэ хоёрыгоо лагер дээр байдаг эмээ өвөө нарт үрчлүүлчихмээр санагддаг”

-Муурнууд нь одоо хэд хэдэн настай байна вэ?

-Манай Женни бараг зургаа, долоон настай. Хүүтэйгээ хамт байдаг. Манай хамгийн хөгшин муур. Дөрөв, таван настай үе тэнгийн гарууд нилээн их байгаа. Зарим нь хүнээс маш их айдаг. Надад ч бараг заримдаа илүүлдэггүй. Том болсон муурнуудыг хүмүүс авах дургүй байдаг. Авч байгаа хүмүүсийн ихэнх нь зусландаа хулгана бариулах гэж авдаг. Манай муурнууд чинь аймар тарган болчихсон. Муураар чинь хулгана бариулчихаад ирье гэхээр би их дургүй. Нэг хулгана барихад л бид туулгыг нь өгнө. Хоолыг нь солино. Таны өгсөн 20-30 цааснаас илүү эмчилгээ, арчилгаа шаарддаг гэж хэлдэг. Ер нь тиймэрхүү халтууранд явуулдаггүй. Яахав, байр машин зарах халтууранд хааяа явуулна. Ганц нэгийгээ явуулаад 20-50 цаастай, хоолтой болно. Ер нь болж өгвөл ийм алаг, муурнууд халтууранд их явна. Мөнгөний муур гэдэг. Манай муурнууд ихэнх нь ийм өнгөтэй. Гэхдээ албаар ийм муурнуудаа авч үлдээгүй.

-Танайд байгаа муурнууд ямар нэг үүлдэр угшилтай юу. Муурнуудаа ямар нөхцөл байдалд байхад нь аварч байсан бэ?

-Миний аварсан муурнууд дандаа монголын гадаа байсан муурнууд байдаг. эхэндээ бүх л муурыг аврахыг хичээдэг байсан. Одоо бол зарим муурыг хээлтэй байгаа эсэхийг нь шалгаад хооллоод орхидог. Үнэхээр тусламж хэрэгтэй байвал эмнэлэг рүү авч очно. Энд явж байгаа ээж хүү хоёр муурыг орцноос олсон. Энэ хоёр чинь хүн рүү очихгүй. Айлд үрчлэгдэхгүй. “Мазаалай”-г гэхэд гадаа сүүлийг нь дөнгөж тасдчихсан, цустайгаа холилдсон байхад нь ноднин өвөл яалт ч үгүй авч орж ирсэн. Хөлдчихсөн байсан. “Бумбардай”-г гэхэд найзуудтайгаа зун зугаалж яваад хөдөөний айлаас авч ирнэ гэж уйлсаар байгаад авч ирсэн. Тэр айлд нэг жижигхэн зулзага байсан. Чихмэл тоглоом шиг хүүхдүүд нь тоглоод байхыг нь хараад авч ирсэн.

Зарим хүмүүс санаж байвал фэйсбүүкээр нэг охин нэг муурыг барилгын хөөсөөр шүршээд, тамхины цогоор түлээд үхэг гээд хаячихсан байсан муур Жонон малл эмнэлэгт нилээн эмчилгээтэй байж байгаад хандив тусламжаар гайгүй хөөрхөн босоод ирсэн. Гэхдээ эмчилгээ нь дуусахад эмнэлэг дээр очоод эзэн болоод авах хүн олдохгүй байсан. Тэгээд би тэнд очиж таараад, “Хөөсмаа”-д эзэн олдсон юм уу гэсэн чинь “Үгүй” гэсэн. Тэгээд аваад ирсэн. Одоо Хөөсмаа одоо хэрийн хүнд ойртдоггүй. Илүүлдэггүй. Манайд ирээд бараг нэг, хоёр жил болж байна.

-Муур тэжээхийг хүсдэг, сонирхож байгаа хүмүүст хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Хамгийн нэгдүгээрт гэр бүлийн бүх хүмүүс харшилгүй байх хэрэгтэй. Хоёрт нь, 5-10 жил хамт амьдрана гэдгээ маш сайн тооцох хэрэгтэй. Тодорхой хэмжээний зарлага, зардал гарна, эмнэлгээр явна гэдгийг тооцох хэрэгтэй. Амьтан тэжээж байгаа хүмүүст хандаж хэлэхэд битгий үржүүлээч гэж хэлмээр байдаг. Ялангуяа муур нохойноос илүү хурдан үрждэг. Спей цацлагыг нь хийлгэхгүй бол жилийн дараа гэхэд 30-60 болоод үржих боломжтой. Тэдний амьдрах орчин нөхцлийг бид шийдэж чадахгүй учраас ашгийн ч бай, ашгийн бус ч бай аль болох битгий үржүүлээч гэж хэлмээр байна. Амьтанд хайртай хүмүүс үржлийг хориглодог болчихоод байгаа.