Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв” байгуулж, хүүхдийн эрхийн зөрчлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийг 24 цагаар хүлээн авч, хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхэд болон гэр бүлд сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг утсаар өгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд шуурхай тусламжийн үйлчилгээг үзүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай дуудлага мэдээллийг 21 аймаг, 9 дүүргийн ХГБХХГ, хэлтэст шилжүүлэн ажиллах болжээ.
Аймаг, дүүргийн ХГБХХ-ийн газар хэлтсийн 108 тусламжийн утсанд ирүүлсэн дуудлага мэдээллийн шийдвэрлэлтийг түүвэрлэн шалгахад дараах нөхцөл байдалтай байна хэмээн аудитын дүгнэлт гарчээ.
Үүнд:
2021 онд:
- 3-5 хоногт буюу хугацаа хоцорч шилжүүлсэн дуудлага 399,
- 5-с дээш хоногт шилжүүлсэн дуудлага 2176,
- Дуудлага очсон боловч бүртгэж хүлээж аваагүй, хамтарсан багт шилжүүлээгүй 4083,
2022 онд:
- 3-5 хоногт шилжүүлсэн дуудлага 1871,
- 5-с дээш хоногт шилжүүлсэн дуудлага 1127,
- Дуудлага очсон боловч бүртгэж хүлээж аваагүй, хамтарсан багт шилжүүлээгүй 2487,
2023 онд:
- 3-5 хоногт буюу хугацаа хоцорч шилжүүлсэн дуудлага 1571,
- 5-с дээш хоногт шилжүүлсэн дуудлага 4490,
- Дуудлага очсон боловч бүртгэж хүлээж аваагүй, хамтарсан багт шилжүүлээгүй 1383 дуудлага байна.
Хүүхдийн тусламжийн 108 үйлчилгээний төвд ирсэн дуудлага, мэдээллийг харьяаллын дагуу нийслэл, дүүрэг, 21 аймгийн гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан байгууллагад шилжүүлж сум, дүүрэг, баг, хорооны хамтарсан багт шилжүүлж, /журмын 4.1-4.3/ 72 цагийн дотор нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлагатай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй. 108 дуудлагын төвд ирсэн хүүхдийн үл хайхрах, сэтгэл санааны, бие махбодын, бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээллийн кейс тохиолдлоос 2019-2023 оныг хамруулан түүвэрлэн авч үзэхэд нөхцөл байдлын үнэлгээ хийгээгүй, хариу арга хэмжээ аваагүй, 2-11 сарын дараа хүлээн авч хаасан зэрэг тохиолдлууд гарчээ.