Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нар “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг хүчингүй болгосон нь МУ хүүхэд хамгааллын цогц бодлогогүй явж ирсний нэг жишээ болов

Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нар “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг хүчингүй болгосон нь МУ хүүхэд хамгааллын цогц бодлогогүй явж ирсний нэг жишээ болов

Үндэсний аудитын газраас “Хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийсэн байна. Аудитад Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлээр, үйл ажиллагаанд оролцдог төрийн болон төрийн бус байгууллагуудын 2019-2023 оны баримт, мэдээллийг хамруулсан бөгөөд ингэхдээ 2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг шалгуур болгосон байна.

Дээрх аудитын тайлангаас гурван үндсэн бүлэг бүхий дүгнэлт гарсан ба эхнийх нь "Хүүхэд хамгааллын асуудлыг хамарсан, цогц уялдаа холбоо бүхий төрийн бодлого, үр дүнтэй тогтолцоог төлөвшүүлэх, сайжруулах шаардлагатай" гэжээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар хүн амын гуравны нэгийг эзэлж байгаа хүүхдэд хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулахад чиглэсэн зорилго, зорилтыг бодлогын баримт бичгүүдэд тусгадаг ч тэдгээр нь хоорондын уялдаа холбоогүй, хүрэх түвшин тодорхойгүй, үнэлж дүгнэх аргачлалгүй, цогц бодлогогүй явж ирснийг дараах жишээ харуулж байна гэсэн байв.

Үүнд:

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын түр орлон гүйцэтгэгч Н.Номтойбаяр нарын ЗГ-ын 2017 оны 270 дугаар тогтоолоор “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 5 зорилт, 127 арга хэмжээг 2017-2021 онд хэрэгжүүлэхээр тусган баталсан бол тус хөтөлбөр нь ЗГ-ын 2021 оны 314 дүгээр тогтоолоор хүчингүй болсноор “хөтөлбөрийн 5 жилийн үр дүнг бүхэлд нь үнэлж дүгнэх боломжгүй болсон байна” гэжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд холбогдох яамд хамтарсан төлөвлөгөө баталж 2018-2019 онд хэрэгжүүлсэн боловч хэдэн төгрөг төсөвлөж, ямар үр дүн гарсан талаар мэдээлэл байхгүй байна.

-МОНГОЛ УЛС ЖИЛД 8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ЗОРИУЛДАГ Ч ҮР ДҮН ТОДОРХОЙГҮЙ БАЙНА -

Хүүхэд хамгааллын үйлчилгээний зориулалттай улсын төсөв 2017 оноос хойш тасралтгүй нэмэгдэж, 2020 болон 2021 оны байдлаар 8 тэрбум төгрөг болсон байна. Гэсэн хэдий ч хүүхэд хамгааллын төсвийн мэдээлэл, төсвийн зориулалт, санхүүжилтийн үр дүнгийн талаарх мэдээлэл ил тод биш байна. Цаашид хүүхэд хамгааллын санхүүжилтийн нарийн төлөвлөлт, зарцуулалтын зориулалт, ангилал болон ил тод байдлыг нарийвчлан зохицуулсан эрх зүйн баримт бичиг гарах шаардлагатай байна гэж “Тогтвортой хөгжлийн төлөө” ТББ-аас гаргасан судалгаанд дурджээ.

-ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ 2020, 2021 ОНД БАТАЛЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ БАЙЖЭЭ-

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 48 дугаар захирамжаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг бүх яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, Олон улсын байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдээс нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах эрх бүхий оролцогч талуудад санал оруулан бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүргийг хүлээжээ.

Улмаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь 2018 онд 1 удаа хуралдаж 01 дүгээр тогтоолоор зөвлөлийн дүрэм, 02 дугаар тогтоолоор үйл ажиллагааны төлөвлөгөө, 03 дугаар тогтоолоор “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” хүүхэд хамгааллын жишиг баримт бичгийг тус тус баталсан байна.

Гэвч “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” хүүхэд хамгааллын жишиг баримт бичиг нь байгууллага, эцэг, эх албан хаагчдаар дамжуулан хүүхэд хамгааллын эрх зүйн зохицуулалтыг хангуулахад чиглэсэн боловч салбарын тогтолцоог сайжруулах, хүүхэд хамгаалагдахад үр дүнгээ өгсөн баримт бичиг гэж үзэхээргүй байна гэсэн аудитын дүгнэлт гарчээ.  

Учир нь 2019, 2022 онд дараах чиг үүргийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан бол 2020, 2021 онд баталж хэрэгжүүлсэн төлөвлөгөөгүй байжээ.

Түүнчлэн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн баталсан 2019, 2020, 2022 оны төлөвлөгөө нь төрийн байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаатай 66 хувийн давхцалтай байгаа нь хүүхэд хамгааллын салбарт хангалттай анхаарч ажиллахгүй, жилд нэгээс хоёр удаа хуралдаж тухайн жилийн төлөвлөгөө тайлан мэдээтэй танилцах хэлбэрээр ажиллаж байгаа нь салбар дундын зохицуулалт хийж ажиллах үүргийн биелэлт хангалттай хэрэгжихгүй байгаагийн жишээ болжээ.

-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТАЛААР 10 ЗОРИЛТ ТУСГАСАН Ч ТАВ НЬ ОГТ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА-

Монгол улс тогтвортой хөгжлийн зорилтод нэгдсэн Азийн 167 орноос зорилтын хэрэгжилтээрээ 99 дугаарт жагсаж байх ба ТХЗ-ын зорилтод Хүүхэд хамгааллын талаар 10 зорилтыг тусгасан байна. Гэвч үүний таван зорилт нь огт хэрэгжихгүй байгаа аж. Харин Хүүхэд хамгааллын талаар МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого «Алсын хараа-2050»-д туссан 6 зорилтын хоёр нь огт хэрэгжээгүй, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”-д 7 зорилт дэвшүүлсний хоёр нь мөн огт хэрэгжихгүй байна гэжээ.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө