УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын таван гишүүний боловсруулж өргөн барьсан “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” хуулийн төслийг Төрийн ордны дотор, гаднагүй эсэргүүцсээр эргүүлэн татуулав.
П.САЙНЗОРИГ: ТУС ХУУЛИЙГ ИРГЭДЭД ОЙЛГУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХИЙН ТУЛД ЭРГҮҮЛЭН ТАТСАН. ГЭХДЭЭ ЭНЭ ОРИЛЖ, ЧАРЛААД БАЙГАА ХҮМҮҮС АЖИЛ ХИЙДЭГ ҮҮ-
Тэдний эсэргүүцэж буй шалтгаанаа тайлбарлахдаа хятадуудыг квотгүйгээр оруулж ирж, эх орноо хятадад өгөх гэж байна гэх. Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг өргөн барьсан хуулиа эргүүлэн татсан талаараа “ Олон нийтийн тавьж буй шаардлага, хүсэлтийг хүндэтгэж үзээд хуулийн төслөө эргүүлэн татаж байна. Тус хуулийг олон нийтэд сайтар мэдээлж, таниулах ёстой юм байна. Үүний дараа тал, талын хэлэлцүүлэг хийж бодлогын шийдвэрийг гаргана. Хувийн хэвшилд, хөдөлмөрийн зах зээлд үүссэн нөхцөл байдлыг шийдэхэд нэр бүхий гишүүд зарчим дээрээ байгаа, ухарсан зүйлгүй” гэсэн юм.
ВИДЕО:
-УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОХООС БУСАД ЭДИЙН ЗАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САЛБАРТ 2026 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХУГАЦААНД ГАДААД АЖИЛТНЫ ТОО, ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХГҮЙ ГЭЖ БАЙВ -
Тэгвэл тус хуулийн гол зорилго нь Уул уурхай, газрын тос олборлохоос бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөх улмаар хувийн хэвшлийг дэмжиж ажиллах хүчний хомсдолоос гарахад чиглэж байжээ.
Цаашлаад Засгийн газар Богд уулыг нүхлэх, Ган татлагат гүүр барих, Туул гол дагуу хурдны зам барих гээд 14 мега төслийг хэрэгжүүлнэ. Мөн нийслэлд Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төв гээд барилга байгууламжийн томоохон бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийхээ төлөвлөж буй. Энэ бүхэнд ур чадвартай боловсон хүчний шаардлага бий бөгөөд өнөөдрийн 21 салбарт тогтоосон 27 мянган квотоор ажиллахад хүрэлцэхгүй юм.
Тиймээс мэргэжлийнхэн, судлаачлын зүгээс гаднаас ажиллах хүчнийг авчирч Монголд хэрэгжих томоохон төслүүдийг хөдөлгөх ёстой, хөгжих ёстой, эдийн засгийн үр өгөөжийг гаргаж нийтээрээ хүртэх ёстой хэмээн тайлбарлаж байгаа юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Ажиллах хүчний асуудалтай холбоотой олон талын зүйл байгаа нь үнэн. Гэхдээ айсан хүнд аргал хөдөлнө гэдгээр асуудлыг бодит фактораас холдуулж байна. "Хятад цустай", "Хятадын дарангуйлал ирэх гэж байна" хэмээн олон нийтийг турхирч байгаа нь байж боломгүй үйлдэл юм. Цахилгаан станц баривал Чайна таун бий болно гэж дайрсаар байгаа төслүүдийг гацааж байсан. Маш олон том төслийг харийн дарангуйлал гэсэн айдаст автуулж гацаадаг жишиг байсаар байна. Монголын хөгжлийг гацаасан хүмүүс өнөөдөр УИХ-ын гишүүн болоод байсаар байгаа. Монгол Улс хөгжих гэсэн оролдлого бүрийг гацаадаг байдлыг бид харж байна. Намайг хүүхэд байхад ч энэ байдал байсан. Өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Бид попролтоор улсаа удирдуулж болохгүй. Монгол Улс хөгжиж, том төслүүд явах ёстой. Эрүүл ухаан хүмүүс Монголд их байдаг. Бодит нөхцөл байдлыг хэлэхээс айхаа больсон. Бид бүхэн зоригтойгоор реформуудаа хөдөлгөөд явна” хэмээн ярьсан нь нийгэмд нэлээн дэмжлэгийг авч байна.
-МоАХ-НЫ МЭДЭГДЛИЙГ АН-ЫНХАН ГРУПП ЧАТДАА ШҮҮСЭН БОЛ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭД НЭЛЭЭН ЗӨРЧИЛДЖЭЭ-
Харин нөгөө талд Х.Баттулгын тэргүүлдэг Монголын Ардчилсан холбоо /МоАХ /-ынхан сандарч, УИХ дахь гишүүддээ хүртэл мэдэгдэл хүргүүлжээ. Цаашлаад Сүхбаатарын талбайд жагсан, эсэргүүцэж буй хүмүүсийн ихэнх нь МоАХ-ынхон цаашлаад Х.Баттулгатай холбогдож ирсэн түүхтэй хүмүүс байсан нь анхаарал татна. Тэгвэл 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан МоАХ-ны мэдэгдэлд “ УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Н.Батсүмбэрэл, Л.Энх-Амгалан нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх агуулгатай хоёр ч хуулийн төсөл ичгүүргүйгээр өргөн барьсан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хуулиудыг бүдүүлгээр зөрчсөн ноцтой хорлонт үйлдэл мөнөөс мөн.
Монголын Ардчилсан Холбоо Монгол улсынхаа тогтвортой, өсөлттэй хөгжлийн эрмэлзэл, олон тулгуурт гадаад харилцааг үгүйсгэдэггүй хэдий ч адармаатай үед монголчуудынхаа аюулгүй оршин тогтнох язгуур нөхцлүүдийг бодитой хангах үүднээс “долоо хэмжиж, нэг огтлох” зарчим баримталдаг. Тиймийн учир дээрх хоёр хуулийн төслийг эсэргүүцэж хүчээ нэгтгэхийг албан ёсоор уриалахын хамт УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга, дэд дарга Л.Мөнхбаясгалан нарт хуулийн хүрээнд санаачлага гарган ажиллахыг даалгаж байна” гэсэн байна.
Энэ мэдэгдлийн талаар АН-ын группт жиг, жуг болсон байна. Цаашлаад Ардчилсан намын бүлэг тус хуулийг хэлэлцээд дэмжихгүй гэх байр суурьт нэгдсэн юм. Гэхдээ бүлгийн хурлын үеэр гишүүд нь байр суурь зөрөлдөж нэлээн маргасан нь хурлын дараах хэвлэлийн бага хурлын үеэр нэг дор суусан ч хоёр өөр тайлбар хэлсэн Л.Мөнхбаясгалан, С.Цэнгүүн нарын мэдээллээс тод харагдана. С.Цэнгүүний хувьд дээрх байр суурийг илэрхийлсэн бол Л.Мөнхбаясгалан нь дээрх мэдэгдэл дээрх агуулгыг яг давтаж, үндэсний аюулгүй байдал зэргээр тайлбар хэлсэн юм.