Б.Гүнчинсүрэн: 25 мянган жил хадгалагдаж, “Хөтөл усны агуй”-аас олдсон эртний хүний шүд монгол хүний гарал үүслийг тодорхойлоход чухал ач холбогдолтой

Б.Гүнчинсүрэн: 25 мянган жил хадгалагдаж, “Хөтөл усны агуй”-аас олдсон эртний хүний шүд монгол хүний гарал үүслийг тодорхойлоход чухал ач холбогдолтой

Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Бүгд найрамдах Польш Улсын Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэн хоорондын хамтран хэрэгжүүлж буй “Цахиуртын хөндий: эртний нуурууд, эртний агуйнууд” эрдэм шинжилгээний төслийн эхний үр дүy гарч, Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших “Хөтөл усны агуй”-н 7 дугаар соёлт давхаргаас эртний хүний олдвор олсноо саяхан зарласан билээ.  Тэгвэл энэхүү олдворын үнэ цэн, ач холбогдлын талаар бид Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн судалгааны салбарын эрхлэгч Б.Гүнчинсүрэнтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Юуны өмнө плейстоцены үе гэдэг нь одоогоос хэдэн мянган жилийн өмнөх үйл явдлын гэрч болох талаар тодруулмаар байна?

Өмнөговь аймгийн Булган сумын нутгаас бид саяхан археологийн нэгэн шинэ олдвор илрүүлэн олсон. Гэхдээ эхлээд өөрийн чинь хүссэний дагуу плейстоцены үе гэж хэдий үеийг хэлж байна вэ гэдгийг тайлбарлая. Плейстоцены үе гэдэг бол төгсгөл нь нийтийн тооллын өмнөх 12 мянган жилээс өмнөх үе юм. Энэ нь Монгол орны нутгаас олдсон плейстоцены үеийн хүний хоёр дахь олдвор. Сүүлийн таван жилийн хугацаанд Зүүн, хойд Азийн бүс нутгаас олдож буй эртний хүний анхны олдвор болж байна.Хоёр дахь олдвор нь эхнийхээсээ юугаараа онцлог вэ гэвэл цэвэр археологийн малтлагаар олдсон. Харин эхнийх нь бол Хэнтий аймгаас олдсон бөгөөд нинжа нар хайгуул хийж байгаад олж, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд судалсан байдаг. Хоёр дахь олдворыг бид Өмнөговь аймгийн Булган сумын нутаг, Арц богдын нурууны зүүн хэсэгт байгаа “Хөтөл усны агуй” хэмээх жижгэвтэр агуйгаас олсон.

-Монголын газар нутгаас плестоцейны үеийн хүний яс олно гэдэг маань юу гэсэн вэ. Та бүхэн удахгүй дэлхий нийтэд зарлана гэж байгаа нь юуг илэрхийлж байгаа юм бол?

-Дэлхий нийтэд бид зүүн хойд Азийн Монголоос плейстоцены үеийн ийм шүд олдсон байна гээд эхний ээлжинд зарлачихна. Дараа нь бид шүдний паалангаас дээж авч чухам ямар идэш хоолтон байсан юм гэдгийг тогтооно. Энэ шүд маань өөрөө маш сайн хадгалагдсан. Тийм болохоор он цаг тогтооход эхний байдлаар 24750/+/- 150/ жил гэсэн багцаатай он цаг тогтоогдсон байгаа. Үүнийг өшөө нарийвчлаад чухам юу идэж уудаг байсныг тогтооно.  Хүний биеийн хамгийн сайн хадгалагдаж үлддэг зүйл бол шүд. Бас маш их мэдээлэл агуулдаг. Энэ шүд бол насанд хүрсэн хүний шүд гэдэг нь тогтоогдсон байгаа. Насанд хүрсэн хүний доод эрүүний үүдэн шүд. Шүдэн дотор нь байгаа органик үлдэгдлийг шинжилж бид эрэгтэй хүн байсан уу, эмэгтэй хүн байсан уу гэдгийг тогтооно. Түүнчлэн шүдний органик үлдэгдэл дээр нь тулгуурлаад миний түрүүнд яриад байсан тяньюэний хүнийх байна уу, дениссивный хүн байна уу, бээжингийн хүн юм уу, эсвэл нендарталь хүн байна уу эсвэл бүр монголын газар нутаг дээр өөрийн гэсэн өөр бүлгийн хүмүүс амьдарч байсан юм уу гэдгийг тодорхойлно. Нэг ёсондоо өвөг дээдсийнхээ учрыг олоход нэг алхам ойртож байна гэсэн үг.

-“Хөтөл усны агуй” гэж анх удаа сонсож байна. Эндээс өөр ямар ямар олдвор олдсон бэ?

Энэ агуй маань дотроо ахиад гурван агуйгаас бүрдэж байгаа. Бид хамгийн том агуйнх нь үүдэн хэсэгт нь 3.5 метрийн гүнтэй малтлага судалгааны ажил хийсэн. Үүний VII соёлт давхаргаас энэхүү плестоцейний үеийн хүний шүдийг олсон. Бид агуйгаа томсгоод малтаад эхлэх юм бол бусад яснууд гарахыг үгүй гэх аргагүй. Агуйнхаа зөвхөн үүдний хэсгийг малтаж байгаа шүү дээ. Тэгэхээр зэргэлдээ байгаа хоёр агуйгаа бас малтах хэрэгтэй.

“Хөтөл усны агуй”-аас маш олон тооны олдворууд, яснууд олсон. Мэрэгч амьтдын болон шувуудын, томоохон амьтдынх байсан. Эдгээрийг судлахад агуйн хулганууд их байсан. Говийн янгир, уулын хонь гэж нэрлэдэг аргаль, янгир зэрэг амьтдын яс их хэмжээгээр байсан. Мөн адуу, тэмээний яс байсан. Ясны бүрэлдэхүүн, амьтдынх нь бүрэлдэхүүнийг үзэхэд хамгийн ойрхон байгаа “Цагаан агуй”-н олдвортой, амьтны аймгийнхаа бүлэглэлтэй ижилсэх хандлагатай байгаа. “Цагаан агуй” бол монгол орны нутаг дэвсгэр дээр хүн амьдарч ирсэн хугацааг 750 мянган жил болгосон том дурсгалтай газар. Эндээс олдсон кноблохын тэмээний ясны үлдэгдэл гэх мэт “Цагаан агуй”-аас олдсон зүйлс мөн “Хөтөл усны агуй”-аас олдсон гэсэн үг.

-Зарим нэг олдворыг энгийн хүний нүдээр харахад ойлгоход хэцүү байдаг. Мэргэжлийн хүний хувьд зарим олдворын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Жишээлбэл, эртний хүний гоёл чимэглэлийн зүйлийг тайлбарлаж өгье. Одоо монгол орны нутаг дэвсгэр дээр устаж үгүй болсон Азийн төрлийн цацагт хяруул гэж байсан. Тэрний өндөгний хальсаар нь хийсэн зүүлтүүд байна. Энэ бол гоёл чимэглэлийн зүйлүүд. Заримыг нь бол зүлгүүрдсэн юм шиг өнгөлөөд голд нь чулуугаар эсвэл ясаар нүхлээд хүзүүний гоёл зүүлтээр ашиглаж байсан байж болно. Эсвэл тодорхой хэмжээнд бие биенээ ялгах зорилготой байсан байж ч болно. Зарим нь бол бүр их гоё хийцтэй байдаг.