Монголд сүүлийн 20 жил утаа ярьж, жил бүр утаа дагасан төсөв нэмэгддэг ч Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал ахиж дэвшсэн зүйлгүй байна. Иймд эндээс утааны асуудлыг шийдвэрлэх бодлого, шийдвэрийг төр боловсруулж байгаа нь хамгийн буруу байна гэж харж болохоор. Төрийн бодлого дагаж, нийслэлчүүд 2019 оноос хойш шахмал түлш гээчийг хэрэглэж буй. Эхний 1-2 жил утаа мэдэгдэхүйц багассан ч буцаад өмнөхийн адил, бүр өмнөхөөсөө ч илүү нэмэгдэж, утаан дундаа Улаанбаатарчууд амьдрах боллоо.
Шахмал түлшийг төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК үйлдвэрлэдэг. Анх шахмал түлш гаргахдаа Улаанбаатарчуудын утааны асуудлыг шийдэх төгс шийдэл бол “шахмал түлш” гэцгээж байв. Гэвч төрийн бодлого шийдвэр буруу байж, шахмал түлш утааны асуудлыг шийдэхгүй гэдгийг иргэд хэдийнээ ухаарсан он жилүүд болж өнгөрөв. Угаасаа ч төр оролцсон бүхэн бүтэлгүйтдэг, дампуурдаг гэж иргэд ярьдаг нь нэг их хол зөрүүтэй үг биш билээ. Иймд төр биш хувийн хэвшилдээ утааны асуудлыг даатгах нь өнөө цагт хамгийн зөв шийдвэр болно.
-1990 ОНД МОНГОЛЧУУДЫГ ӨЛСГӨЛӨНГӨӨС АВАРЧ, КОВИДЫН ҮЕД Ч ЛАНГУУГ ДҮҮРЭН БАЙЛГАСАН НЬ ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ ГАВЪЯА-
1990 оноос өмнө манай улс “захиргаадалтын буюу төвлөрсөн төлөвлөгөөт” эдийн засагтай байсан. Энэ үед хувийн өмч гэж байхгүй, бүгд улсынх, иргэд хувиараа аж ахуй эрхлэх нь хориотой байсан үе. Харин гадаад худалдааныхаа 90-95 хувийг Зөвлөлт холбоот улс /ЗХУ/-тай хийдэг байсан гэдэг. Хийхдээ тусгай мөнгөний нэгж буюу шилжих рублиэр хийдэг байжээ. Энэ нь гарт барих валют биш бөгөөд төлбөр тооцооны нэгж юм.
Харин 1991 онд ЗХУ задарч, манай улс ч ардчилсан нийгэмд шилжсэн. Улмаар 1991 оны 20 дугаар тогтоолын дараа Монголын нийгэм, эдийн засгийн амьдрал хүмүүсийн төсөөлснөөс огт өөрөөр эргэсэн гэдэг. Энэ үед цахилгаан, шатахууны хомстол, хоол хүнсний дутагдал үүссэн тул тухайн үеийн Монголын удирдагчид “картын бараа”-ны системийг нэвтрүүлсэн байдаг. Учир нь 1991 онд зүүн европын улсууд зах зээлд шилжиж бүх худалдаагаа доллараар хийж эхэлсэн гэдэг. Гэтэл энэ үед манай улс долларын нөөцгүй байсан тул гадаадаас бараа авах боломжгүй болж гэнэт хүнс, барааны хомстолд орсон тул “байгаа жаахан хүнсээ” тэгш хүртээмжтэй хуваарилахын тулд “картын бараа”-ны системийг зохиосон байдаг. Цаашлаад ихэнх дэлгүүрийн лангуу дээр “бор давс”-наас өөр зүйл байдаггүй байв. Учир нь бүх дэлгүүр, бараа нь улсынх байсан юм.
Харин 1995 онд П.Жасрай гуайн Засгийн газар картын бараанаас бүрэн татгалзаж, Монгол Улсын хүнс, барааны хангамжийг төр хариуцах биш хувийн хэвшил хариуцах, зах зээлийн тогтолцоонд шилжих шийдвэр гарсан.
Ингээд хувийн хэвшил талхаа хийж, дэлгүүрээ өөрсдөө ажиллуулдаг болсноор энэ тогтолцоо өнөөдрийг хүртэл үргэлжилж, саяхан тохиолдсон Орос дайнтай, Хятад коронавирустай, урд, хойд хил хаалттай байгаа хүнд үед ч дэлгүүрийн лангуу дүүрэн барааны сонголттой байсан нь зах зээлийн тогтолцоо, хувийн хэвшлийнхний гавьяа юм.
-УТААНЫ АСУУДЛЫГ ХУВИЙН ХЭВШИЛ ХАРИУЦВАЛ ТЭД ЯАЖ ИЙГЭЭД Л ГАРЦ, ГАРГАЛГАА ОЛООД Л ИРНЭ-
Улаанбаатар хотын утааг ч энэ зарчмаар шийдэж бодлого, төлөвлөлтийг төр биш хувийн хэвшил хийдэг болох нь магадгүй хамгийн зөв шийдэл байж болох юм. Улаанбаатар хотод 1.5 сая хүн ам оршин суудаг. Төрийн бодлого дагаж, нийслэлчүүд 2019 оноос хойш шахмал түлш гээчийг хэрэглэж буй. Гэвч утааны асуудал шийдэгдсэнгүй. Харин одоо 84 мянган утаагүй зуух айлуудаар тараах гэнэ. Магадгүй үүгээр ч утааны асуудлыг шийдэхгүй.
Энэ долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд, УИХ дахь намын бүлгийн дарга нар болон бусад албан тушаалтнуудыг дуудан уулзаж, загналаа.
Энэ үеэрээ тэрбээр, “Сайд нар ажлаа аваадудаагүй байгааг ойлгож байгаа. Гэхдээ одоо та бүхэнажилдаа орцгоо. Салан задгай, бие биедээ шаардлагатавихгүй байна. Найраан дундаа ороод, явж явж найрааныЗасгийн газар болох юм байна л даа. Тийм юм байхгүй за. Эмээл хазаарынхаа бүтэн дээр та нар хазаараа татацгаа. Чинаад түлшнийхээ чанар дээр онцгой анхаар” гэх мэтээр загнав.
Гэвч юм шатаж л байгаа бол утаа гарсаар л байна гэдгийг мэргэжилтнүүд, шинжээчид хэлдэг. Иймдээ ч Казахстан, Украин зэрэг хөгжиж буй орнууд утааны асуудлаа газ, хий ашиглан шийдсэн байдаг нь манай улсын хувьд жишиг санаа байж болох.
ВИДЕО: Сэтгүүлч С.Будрагчаагийн утаанаас салах шийдэл
Тэд өдөр тутмын хэрэглээндээ, халаалтдаа нүүрс биш газ, хий ашигласнаар утааны асуудлыг шийдвэрлэсэн байдаг билээ. Гол нь төр өөрсдөө стандарт, шаардлагаа тавибал хувийн хэвшлийнхэн яаж ийгээд ямар нэгэн шийдэл, халаалт, хий олоод л ирнэ. Тэд чаддагийг бид 1990-ээд оны үйл явдал болон ковидын үеийн нөхцөл байдлаас хангалттай харсан билээ. Цахилгаанаар халдаг, газаар халдаг технологи дэлхий нийтийн жишиг болоод байгаа өнөө үед бид ч энэ жишиг рүү орох нь зөв боловч төрийн байгууллага бус хувийн хэвшил үйл ажиллагааг хариуцан ажиллах нь хамгийн зөв шийдэл болох юм.