Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашиг өгөх боломж нээгдсэн бөгөөд гурав хувааж олгоно

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашиг өгөх боломж нээгдсэн бөгөөд гурав хувааж олгоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр "Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны 100 хоног өнөөдөр болж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, 100 хоногийн ажлын үр дүн, сайд нарт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонссон. Хоёрт, төрийн өмчит компаниудын үр дүн, эдийн засгийн ерөнхий үзүүлэлтийг сонсож, дүгнэлээ. Гуравт, агаарын бохирдлын талаар мэдээлэл, дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Нэг жилийн өмнө МАН, Ардчилсан нам, ХҮН намын дарга нар хамтран Үндэсний баялгийн санг байгуулах болсноо зарлаж, санамж бичиг байгуулж байсан. Түүний дараа УИХ-д Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан. Түүнээс хойш нэг жил орчим болсон байна, дүгнэж үзлээ. Эрдэнэс Тавантолгой ХХК 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүнээс 495 тэрбум төгрөг нь иргэдийн нэрийн дансанд мөнгөжсөн. Монгол Улсын хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдсэн байна. Иргэдэд олгох ногдол ашгийг инфляцын дарамтаас сэргийлж нэг дор бус гурав хувааж олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.Үүнийг иргэн бүртээ хуваавал нэг иргэнд 135 мянган төгрөгийн хуримтлал үүссэн гэсэн үг.

Баялгийн сан мөнгөжиж байгаа учраас олон улсад менежментийг нь гаргах байгууллагыг байгууллаа. Чингис панд нэршлээр олон улсад танигдана. Норвеги, Казахстан улсын Баялгийн сан яаж ажилладаг вэ, тэр жишгээр ажиллана. Сангийн яам, Монголбанк, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран нэг жилийн хугацаанд сайн ажилласан байна. Хуримтлалын санг арвижуулах байдлаар захиран зарцуулах эрх нээгдэж байна.

Иргэд хуримтлалын мөнгөө И Монголиагаар дамжуулан дансаа шалгаж үзнэ. Карт хэлбэрээр иргэд баталгаажуулж авч болно. Энэ мөнгийг бэлнээр зарцуулахгүй, хугацаатай хадгаламж. Бэлэн бусаар буюу эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдана.

2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувь, Гадаад валютын улсын нөөц 4.9 тэрбум ам.доллар, Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ. Экспортын орлого 17 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нүүрсний хэмжээ 81,8 сая тонн хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрэв. Өнөөдрийн хүрч болох хүчин чадалдаа тулсан гэсэн үг. Цаашдаа тээвэр ложистикийн нөхцөл байдлаа сайжруулснаар 100 сая тоннд хүрэх боломжтой.  Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээрийг байгуулсан. Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэ өөрөө хөрөнгө оруулагчдад эерэг байдал үүсгэнэ. Мөн 14 мега төслийн нэг болох Багануурын уурхайг түшиглэн кокс химийн үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргалаа. Бадрах Энержитэй ураны чиглэлээр байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гаригт УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо. Энэ бол Оюу толгой төслийн араас орох хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ байх болно. Бадрах Энержигийн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ. Монголын тал ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Засгийн газар өөрийн эзэмшлийнхээ 34 хүртэл хувийнхээ 24 хувь иргэдийн хуримтлалын санд хадгаламж хэлбэрээр АМНАТ нь тооцогдож орохоор төлөвлөж байна. Энэ амжилттай хийгдэж чадвал олон төсөл дээр сайн жишиг болно. Баялагтай эзэн байх боломж нээгдэнэ. Гашуунсухайт-Гандмод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газар байгуулсан. Үүнийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр тогтлоо. Энэ төмөр замын хил холболтын ажил яагаад 16 жил гацсан асуудлыг УИХ дээр нээлттэй хэлэлцэнэ. Энэ асуудал яагаад 16 жил гацсан, хэн гацаасан, боломжоо яагаад алдсаныг УИХ-д нээлттэй танилцуулна..  Аж ахуйн нэгжүүдийн орлогын татвараасаа 1 хувийг агаарын бохирдолд зарцуулж байна. Мөн өнөөдөр агаар, орчны бохирдлын талаар хэлэлцэж зарим шийдвэрийг авахаар боллоо. Нийслэлийн түгжрэл, агаар орчны бохирдол, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна. Гамшгийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-тай хамтран эрх зүйн тусгай орчныг бий болгох ёстой гэж үзлээ. Нэг хувийн татварын эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Аж ахуйн нэгжүүд орлогынхоо 1 хувийг Засгийн газрын зорилгын нийгэмд тустай зарим зүйл дээр дэмжлэг үзүүлвэл тухайн нэг хувийн татварыг авахгүйгээр үлдээх зохицуулалтыг хийсэн. Хүсвэл эл үүсвэрийг 2ААН-үүд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна" гэлээ.